“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг энэ жил нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд явуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд худалдаагаар дамжуулан эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог тариаланчдын гараас зах зээлийн үнээс хямдаар иргэдэд хүргэдгээрээ онцлогтой билээ. Тариаланчид одоогоор эхний ургацаа үзэсгэлэн худалдаанд дэлгээд байна. Үүнд 180 орчим тариаланч оролцуулахаар төлөвлөсөн гэнэ.
Баянзүрх дүүргийн нутаг, Жуковын талбай дахь үзэсгэлэнд 10 асар байрлуулжээ. Тэнд ногоогоо дэлгэсэн нэгэн тариаланч “Сэлэнгэ аймгийн Мандал сумаас тав дахь жилдээ оролцож байна. Энэ жил арвин ургац авсан. Өнгөрсөн онд үер ихтэй байсан тул ургац нэлээд алдсан. Төмс нэг кг нь 1500, лууван, манжин, сонгино 2500, нарийн ногоонуудыг 6000-9000 төгрөгөөр худалдаалж байгаа. Үзэсгэлэн худалдаа дөнгөж эхэлж буй учраас ийм үнэтэй байна. Цаашдаа үнэ буурна. Өнгөрсөн жил гэхэд нэг кг төмсийг 800 төгрөгөөр худалдаж байсан. Ногооны үнэ ханшийг чэнжүүд тодорхойлдог. Тэд тариаланчдаас хэдэн төгрөгөөр худалдаж авахаас шалтгаалж бид үнээ тогтоодог юм” гэв.
Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын иргэн “Энэ үзэсгэлэн худалдаанд дөрөв дэх жилдээ оролцож байна. Иргэд ихэвчлэн төмс, лууван, сонгино, манжин авдаг. Хам гийн анх үзэсгэлэнд оролцож байхад иргэд нарийн ногоо бараг авдаггүй, зарим нь бүр мэддэггүй байсан. Тиймээс нарийн ногооны ач тусыг тайлбарладаг байлаа. Мөн үнэтэй учир иргэд худалдан авч чаддаггүй байсан. Гэхдээ жил ирэх тусам нарийн ногоо худалдан авах нь ихсэж байгаа” гэлээ.
Өчигдөр 12.00 цагт Жуковын талбайд очиход худалдан авагч тун цөөн байв. Бас “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа нээснийг илтгэх ямар нэгэн бичиг, самбар байсангүй. Мөн Чингэлтэй дүүрэгт“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна, Барилгачдын талбайд үзэсгэлэн худалдаа нээсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн. Гэвч дээрх газруудад ногоочид байсангүй. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Нийслэлийн ЗДТГ-аас үзэсгэлэн худалдааг энэ сарын 1-нээс эхлэх зөвшөөрөл өгсөн. Харин тариаланчид ургацаа хурааж дуусган, хотод ирж амжаагүй байгаа. Тиймээс зарим байршилд худалдаа эхлээгүй” гэв.
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх ажээ.
Бэлтгэсэн Б.Амарзаяа