Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Манай Улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй тус сургууль нь бүс нутагтаа томоохонд тооцогддог.
Мөн НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.
Энэ удаагийн сургууль нь бригад, батальоны түвшний команд штабын болон салааны түвшний тактикийн хээрийн сургууль, төрөл мэргэжлийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүлэг сургалтуудыг зохион байгуулж байгаа нь энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, ажиллагааны газар оронд үүсэж болох аливаа нөхцөлд бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ оролцогч орнуудаас харилцан туршлага солилцох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх юм.
“Хааны эрэлд-2024” сургуульд 23 орны 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас салаадын хээрийн сургуулиар АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн явган эргүүл, баазын хамгаалалт, иргэдийг авран хамгаалах зэрэг хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байна.
Мөн сургуулийн чөлөөт цагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолтоо толилуулж байна.