“Оюутолгой” компанийн ажилтнууд өчигдөр тайван жагсаал хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус компани ажилчдынхаа цалинг үндэслэлгүйгээр хасаж, илүү цагийн мөнгө бодохоо больсон гэнэ. Мөн компанийн дотоод журмыг зөрчиж, ажилтнаа халсан гэж тэд хэллээ.
Ажилчдын төлөөлөл “Компанийн зүгээс үндсэн ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргасан. Хууль зөрчин, ажилчдынхаа цалинг багасгасан тул бид шинээр хороо байгуулж, дуу хоолойгоо нэгтгэн, тайван жагсаал хийж байна. Бид Төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлтээ хүргүүлсэн. Үүнд цалин бууруулсан, ажлын байрны дарамт зэргийг тодорхой жишээтэйгээр дурдсан юм. Цалин бууруулсантай холбоотойгоор ажил олгогчдод хугацаатай шаардлага тавьсан ч хариу өгөөгүй. Тийм учраас ажил хаясан. Үүнд оролцсон хүмүүсийг хууль бусаар ажил хаясан гэж мэдүүлэг авч, айлган сүрдүүллээ. Энэ нь бидний эвлэлдэн нэгдэх эрхэд бүдүүлгээр халдаж буй үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн шинэ ажилтныг туршилтын хугацаандаа ажил хаялтад оролцсон гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Тухайн ажилтан ажиллах хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаагүйг ахлах нь тодорхойлсоор байхад хөдөлмөрийн гэрээг нь цуцаллаа. Энэ нь “Оюутолгой” компанийн дотоод дүрэм, журмыг зөрчиж буй хэрэг” гэж хэлж байв.
Түүнчлэн “Компанийн 94 нь монгол, зургаан хувь гадаад. Гэсэн ч цалингийн 60 хувийг нь монгол, 40 хувийг нь гадаадын ажилчид авдаг гэх судалгаа бий. Бид үүнийг мэргэжлийн хүмүүсээр тооцуулахад цалингийн үнэлгээг 100 хувь гэж үзвэл монголчуудынх найм, гадаад ажилчдынх 92 хувьтай үнэлэгдсэн. Тэгэхээр нэг гадаад ажилтан 20-25 монгол ажилтныхтай дүйцэх хэмжээний цалин авч байна гэсэн үг. Мөн гүйцэтгэх захирлын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний тушаалаар баталсан цалин хөлс олгох журамд 168 цагийг бүхлээр тооцон, түүнээс илүү гарсныг нь илүү цагаар бодохоор заасан. Ажлын цагийг нэгтгэх журам гаргаснаас хойш шөнийн нэмэгдэл, илүү цагийн мөнгийг нэгтгэж оруулахаа больсон. Үүнээс шалтгаалан ажилчдын цалин 60-70 хувиар буурлаа. Энэ нь ажилчдад өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх болон зээлээ төлөхөд хүндрэл учруулж буй. Үүнтэй холбогдуулан Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 28-нд тайлбар гаргасан. Уг тайлбарт нь дээрх журмыг хуульд нийцээгүй гэж дурдаад, ажилчдад илүү цагийн мөнгийг олгох нь зүйтэй гэсэн юм. Бас эл асуудлыг хамтын хэлэлцээрээр зохицуулна гэж шийдсэн. Иймд бидний гол хүсэж байгаа зүйл нь ажил олгогчтой хамтын хэлэлцээ хийх юм” гэв.
Ажилчдын тавьсан шаардлагатай холбоотойгоор “Оюутолгой” компанийнхан “Бид нь ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах эрхийг дэмжиж, ямагт хүндэтгэлтэй ханддаг. Бүх ажилтны ашиг сонирхолд нийцсэн нэгдсэн шийдэлд хүрэхийн төлөө Үйлдвэрчний эвлэлийн хороодтой хамтын гэрээний хэлэлцээ эхлүүлэхийг хичээсээр ирсэн. Одоо ч хийхэд бэлэн байна. Өнгөрсөн тавдугаар сарын 17-ноос хойш бид Уул уурхайн ажилтны болон Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчидтэй гурвалсан уулзалт удаа дараа хийж, шаардлагатай бүхий л зохицуулалтыг хийсэн. Харин эдгээр хороо нь хуулийн хүрээнд хамтын хэлэлцээ эхлүүлэхэд тавих шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Тодруулбал, хуулийн дагуу хамтын хэлэлцээг эхлүүлэхээс өмнө үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн орох бүрэлдэхүүнийг харилцан тохиролцох ёстой. Гэвч өнөөг хүртэл тохиролцоонд хүрээгүй. Компанийн хувьд уг шаардлага хангагдмагц хамтын хэлэлцээг даруй эхлүүлэх боломжтой. Үйлдвэрчний эвлэлийн хороод нь хоорондоо хамтран ажиллаж, хэлэлцээнд орох бүрэлдэхүүнийг үр дүнтэй, харилцан хүндэтгэлтэй байдлаар тогтооно гэдэгт итгэж байна” гэжээ.
Бэлтгэсэн У.Цэцэг