Хамтарсан Засгийн газарт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам /ХБОСЯ/-ыг шинээр байгуулсан. Энэ яамыг хуучнаар барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн яам гэдгээр ойлгож болно хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуур өнөөдөр салбарын төлөөлөл, ТББ, мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзах үеэр хэллээ.
Тэрбээр, шинэ яам хот байгуулалтыг төлөвлөх, байгуулж буй хотуудаа орон сууцжуулж дэд бүтцээр хангах зорилго бүхий үүрэгтэй ажиллана гэдгийг тодотгов. Мөн “Барилга нь 100 жилийн түүхтэй салбар. Энд үе үеийнхний бүтээн байгуулалт багтдаг. Одоо бид салбарынхаа ТББ болон мэргэжлийн байгууллага, холбоодтой төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Энд тусгай зөвшөөрлөөс эхлээд боловсон хүчин, сургалтын асуудал хамрагдаж байгаа” гэв.
Тэрбээр ирэх 4 жилд хот байгуулалт, барилга, орон сууцжуулах бодлого, хийх ажлаа танилцуулсан юм. Бидний гол бодлого хөдөө орон нутаг суманд амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг сайжруулж хот, суурин газар оршин сууж буй иргэдтэй аль болох ойртуулж, ижил төстэй болгох явдал юм. Ингэснээр нийслэл хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, утаа, бухимдал, төрийн байгууллагууд дахь авлига, төвлөрлийг сааруулж багасгана. Зөв бодлого барьж чадвал хэрэгжинэ гэдгийг онцоллоо.
Ирэх 4 жил Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр яам, тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд руу тэмүүлж байдаг тэр их хүч, хөл хөдөлгөөн сарнина.
Манай улсад урд өмнө хэрэгжүүлж байгаагүй том том гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт хүлээгдэж байгаа. Богд уулыг Зайсангийн амаар Кувэйтийн амтай холбох туннель болон нийслэл дэх метро, RTI, хурдны галт тэрэгний зам тавих, мөн Улаанбаатарыг тойрсон Хөшигийн хөндийгөөс эхлээд Шинэ Зуунмод, Майдар хот болон Хархорин хотыг байгуулах, түүнчлэн улсын болон орон нутгийн чанартай хотуудыг байгуулах, тэдгээрийг орон сууцжуулах бодлогыг барьж хэрэгжүүлнэ гэв.
Тиймээс бид ирэх оны төсвийг хүлээж хугацаа алдахгүйгээр шинэ Засгийн газар удахгүй төсвийн тодотгол хийх замаар бүтээн байгуулалтыг шийднэ. Тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлнэ. Ийм хөтөлбөртэй ажлаа эхэлж байна гэдгийг мэдэгдлээ.
Жишээ нь, Хөшигийн хөндийд бууж буй зорчигчдын урсгалыг заавал хот руу авчрахгүйгээр тэндээ орон сууцны хороолол, цэвэр уснаас аваад дэд бүтэц, үйлчилгээг бий болгож хотыг дагасан хотуудыг байгуулж Улаанбаатар хотыг тэлэх зорилгоор том тойрог болгоно гэв.
Уулзалтад Хот байгуулалт, мэдээлэл, судалгааны төв, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын архитекторуудын эвлэл зэрэг байгууллагын төлөөлөл, удирдлага оролцлоо.
Барилгын салбарын төлөөлөл барилгын материалын нийлүүлэлт, чанарт анхаарах хэрэгтэй гэсэн саналаа хэлж байлаа. Мөн салбарын чиг үүргийг тодорхой болгож, барилгын зураг төсөл хийхээс эхлэдэ үйл ажиллагааг төвлөрүүлж хэрэгжүүлэх агентлаг байгуулах талаар хэлж байв.