Хил хамгаалах байгууллагын харьяа Хилчин спорт хороо, БНСУ-ын Инчон Спорт хороотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт 2024 оны долоодугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурлаа. Уг уулзалтад ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын захирагч, хурандаа М.Баяржавхлан, Олимп-биеийн тамир спортын зөвлөлийн удирдлага болон БНСУ-ын Инчон спортын хорооны ерөнхийлөгч Ли Хюү Сенг тэргүүтэй төлөөлөгч нар оролцсон юм. Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын найрсаг харилцаанд тулгуурлан спорт солилцоог хэрэгжүүлж, туршлага солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, хоёр улсын тамирчид, багш дасгалжуулагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах үндсэн бодлого баримтлан хөгжүүлэх тал дээр талууд санал солилцов.