“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний нийлүүлэлт тасалджээ. Түлшний түүхий эд болох мидлинг буюу угаасан нүүрсийг өмнөх жилүүдэд “Энержи ресурс” компани “Тавантолгой түлш”-д үнэ төлбөргүй нийлүүлж ирсэн юм байна. Харин энэ сарын 1-нээс “Энержи ресурс” компани мидлинг нийлүүлэхээ зогсоож, түлшний түүхий эд үндсэндээ тасалдаад буй гэнэ. Үүний талаар “Тавантолгой түлш” компанийнхнаас тодруулахад “Түүхий эдийн нийлүүлэлтийг шийдэх талаар Шадар сайд С.Амарсайхан болон Засгийн газарт албан бичиг илгээсэн. Эл асуудлыг Засгийн газрын түвшинд шийдэх байх” гэсэн мэдээлэл өглөө. Дээрх компани одоогоор 80 мянган тонн мидлингийн нөөцтэй аж. Өдөрт 3000 тонн мидлингээр түлш үйлдвэрлэдэг бөгөөд дээрх нөөц нэг сар хүрэхгүй хугацаанд дуусах гэнэ.
Түүнчлэн наадмын өмнө нийслэлд аадар бороо орж, агуулахын дээвэр нурж, усанд автсанаас их хэмжээний түлш норсон байна. Хэдий хэмжээний түлш норсон болон дахин ашиглах боломжтой, эсэхийг “Тавантолгой түлш” компанийнхнаас лавлахад “Тухайн агуулах 2200 тоннын багтаамжтай байсан. Харин дотор нь хэр хэмжээний түлш байсныг одоохондоо тогтоогоогүй, хяналт шалгалт үргэлжилж байгаа. Хохирлын хэмжээ удахгүй тодорхой болно. Норсон түлшийг хатаагаад дахин ашиглаж болно. Бүр боломжгүй тохиолдолд үйлдвэрлэлдээ ашиглана” гэв.
Бэлтгэсэн М.Оч