Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагасын урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувь буюу 2.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Салбараар нь ангилбал уул уурхай, олборлох чиглэлийн үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 21.1 хувийн өсөлттэй, цахилгаан, хий, агааржуулалтынх 8.6, боловсруулахынх 4.5 хувиар дээшилсэн байна.
Харин үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу бүтээгдэхүүн, үйлчилгээний ханш зургаадугаар сарын байдлаар 230.2 болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 15, өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөн аж. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ жилийн хугацаанд 15 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын үзүүлэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, газрын тос олборлолтын үнэ энэ хугацаанд 19.1, хүдрийнх нь 18.8 хувиар өссөн байна. Харин эл индекс өмнөх сарынхаасаа 1.4 хувиар дээшлэхэд газрын тос болон нүүрсний олборлолт гол нөлөө үзүүлжээ.