Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нийгэм, эдийн засгийн зарим онцлох үзүүлэлтийг танилцуулав. Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн дүн энэ жилийн эхний хагаст 13.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 7.9 тэрбум ам.доллар нь экспорт, 5.4 тэрбум ам.доллар нь импортынх аж. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл энэ хугацаанд 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэсэн үг. Өдгөө манай улс 148 улстай худалдаа хийж буй. Экспортын гол түнш нь Хятад, Швейцар, Орос, Нигерь, Итали улс бол импортын бараа бүтээгдэхүүний зонхилох хувийг өмнөд, хойд хөрш болон Япон, Солонгос, Америк, Германаас оруулж ирж байна.
2024 оны зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 5.1, оны эцсийнхээс 4.3, өнгөрөгч сарынхаас 0.3 хувиар өссөн дүн гарчээ. Хүнсний барааны бүлгийн үнэ 4.8, хүнсний бус барааных 5.2, үйлчилгээнийх 6.8 хувиар өссөн аж. Өнгөрсөн оны зургаадугаар сард инфляцын түвшин 10.6 хувь байсан бол энэ жил 5.5 нэгжээр бууран 5.1 хувь болжээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар нөлөөлсөн байна.
Тэрчлэн энэ сарын 1-ний байдлаарх тариалалтын төлөвийг статистикийн байгууллагаас мэдээллээ. Улсын хэмжээнд энэ жил нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 мянган га буюу 1.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Тодруулбал, 348.1 мянган га газарт үр тариа, 128.8 мянган га-д техникийн ургамал, 75.3 мянган га-д тэжээл, 18.4 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо тарьжээ.