БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгийн дийлэнх хэсэг бууж тээвэрлэгддэг. Тодруулбал, тухайн боомтод сард 3000-4000 чингэлэг буудаг аж. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр Монгол Улс руу авч байв. Гэвч дээрх тооны галт тэргийн тоо буурсаар өнөөдрийг хүргэсэн.
Дээрх байдлаас үүдэн БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улсын импортын ачааны чингэлгүүд 85-90 хонож хил гарч байгаа талаар мэдээллээ. Тус боомтод 2024 оны зургаадугаар сард 5450 чингэлэг гацжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг шуурхай арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо.
Монголын Тээвэр зуучлалын нэгдсэн холбооны мэдээллээр энэ оны долдугаар сарын 1-9-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 11 галт тэрэг гарчээ. Авто замаар тээвэрлэх ачааг шалгаж, лацаддаг талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллага ажиллаж байгаа аж. Тяньжин нь БНХАУ-ын Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог боомт юм.