Монгол, Узбекистан улс уул уурхай, ХАА, хүнс, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжтой талаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов Монгол-Узбекистаны бизнес форум дээр онцлов. Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр боллоо.
Узбекистан улс хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг эрс сайжруулахад анхаарч, шийдэмгий алхмуудыг хийжээ. Үүний үр дүнд тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хоёр дахин өсөж, ДНБ 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин нэмэгдэж, аж үйлдвэрлэлт 40 хуваир өссөн үзүүлэлттэй байгааг Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов танилцуулав.
Бизнес уулзалтад Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш.Кудратов, Гадаадын хөрөнгө оруулалтыг татах газрын дарга, О.У.Эльмуратов, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д.А.Вахабов тэргүүтэй албаны төлөөлөл, мөн бизнесийн салбарын 270 орчим төлөөлөл, Монгол Улсын талаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан тэргүүтэй 70 орчим бизнес эрхлэгчид оролцлоо.
Монгол Улс, БНУзбУ хоорондын худалдааны эргэлт 2023 онд 10 сая ам.долларт хүрч, Монгол Улс 4.6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5.4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортолжээ. Монгол, Узбекистаны хооронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлал, санхүү, эрүүл мэнд, барилга, үл хөдлөх, мэдээлэл, технологийн салбарт худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой.