Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрчим хүчний шилжилтийн индексийн тайланг 14 дэх жилдээ гаргалаа. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайланд хамруулсан 120 улсаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт буюу жагсаалтын 116 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос таван байр ухарсан үзүүлэлт боллоо.
Монгол Улс сүүлийн 70 жилийн дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр эрчмээр дулаарч байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсын нэгт тооцогдож байгааг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ тайланд онцолжээ. Монгол Улсын нүүрсхүчлийн хий дэлхийн дунджаас бараг 15 дахин өндөр, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тонн байгааг тайланд дурдсан. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь газар ашиглалтын өөрчлөлт аж. Монгол Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 44 хувь нь газар ашиглалтаас үүдэлтэй байна.
Харин эрчим хүчний шилжилтийн индексэд Европын улс орнууд тэргүүлж байгаагаас Швед улс нэгдүгээрт бичигдэж байна. Үүний араас Дани, Финланд, Швейцар, Франц зэрэг улс эрэмбэлэгджээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн 120 улсын 107 нь индексийн үзүүлэлтээ ахиулсан ч шилжилтийн ерөнхий эрчим харьцангуй саарсан үзүүлэлттэй байна. 2024 онд Бразил, БНХАУ зэрэг хөгжиж буй орнууд онцлохуйц ахиц дэвшил гаргасан аж. Хэдий тийм боловч хөгжиж буй орнуудын 83 хувь нь эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжтэй байдал болон тогтвортой байдлын үндсэн гурван үзүүлэлтийн дор хаяж нэгт нь ухарсан байгаа юм.