Насан туршдаа эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө НАСАА ТУНХАГЛА! уриатайгаар эхлүүлж буй шинэ кампанит ажлаараа Эмнести Интернэшнл ахмадуудын дуу хоолойг сонсож, тэдний үндсэн эрхийг хамгаалахыг бүх хүнд хандан уриаллаа. Даян дэлхийн хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийхөө хувьд, Эмнести Интернэшнл хүн бүр эрхээ эдлэхийг баталгаажуулахын тулд ажилладаг.
Дэлхий дахинд хийсэн Эмнести Интернэшнлийн судалгаагаар, хүнийг хөгшрөхөөр эрхэм чанарыг нь үгүйсгэдэг, дуу хоолойг нь үл тоомсорлодог, ахмад настанг эрх эдлэгч хэмээн харахгүйгээр зөвхөн халамж хүртэгч, асаргаа сувилгаа шаардсан эмнэлгийн үйлчлүүлэгч хэмээн хандаж байгааг тогтоолоо.
Иймээс Эмнести Интернэшнл ахмад настны эрхийн асуудалд анхаарал хандууллаа. Насаа Тунхагла! кампанит ажил нь бүх насны хүмүүсийн насжилттай холбоотой хандлагыг өөрчлөх, ахмад настныг хүчирхийлэх, үл хайхрах, ялгаварлан гадуурхахыг зогсооход нь хүмүүст урам зориг өгөх зорилготой. Эмнести Интернэшнл дэлхий даяарх гишүүн, дэмжигчид, хүний эрхийн идэвхтэн, хамтрагч байгууллагуудынхаа хамт кампанит ажлаараа дамжуулан ахмадын дуу хоолойг хүргэн, насжилтийн талаарх хандлагыг өөрчлөх болно.
Хөгжлийн бэрхшээл, насжилтын асуудлаарх Эмнести Интернэшнлийн судлаач Лаура Миллс “Бид энэ шинэ кампанит ажлаараа үл хайхрагдаж, дуу хоолойгоо хумиулан, оролцоогоо багасгадаг ахмад настнуудыг өөрийнхөө эрхийн төлөө дуугарч, төр засаг нь тэдийг сонсож, хариу үйлдэл үзүүлдэг болохын төлөө ахмадуудыг дэмжин ажиллана. Өнөөг хүртэл ахмад настны эрхийг хамгаалах олон улын гэрээ байхгүй байлаа. Харин саяхан НҮБ-ын гишүүн орнууд ахмад настны эрхийг хамгаалах талаар чухал ач холбогдолтой санал, зөвлөмж гаргаж олон улсын конвенц шинээр санаачилсан. Ахмадууд гол төлөв насаар ялгаварлан гадуурхах үзэлд өртдөгөөсөө болж өөрсдийгөө ямар нэгэн байдлаар үнэ цэнэ багатай, сул дорой эсвэл бусдаас хамааралтай гэх сөрөг хэвшмэл ойлголтод хүрдэг. Улмаар өдөр тутмын амьдралд эрх нь хамгаалагдаагүйгээс хүчирхийлэл, ядуурал, үл хайхралт зэрэгт өртөж байна” хэмээн өгүүллээ.
НҮБ-ын сүүлийн үед гаргасан шийдвэр ахмад настны эрхийг хамгаалах ажлын эхлэлийг хангалттай тавьсан бөгөөд харин одоо гишүүн орнууд тус конвенцийг батлуулахад бодитой алхам авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ асуудал хэзээ нэг өдөр бид бүгдэд хамаатай болох бөгөөд хэрвээ бид нас ахих явцдаа эрхээ бүрэн хамгаалуулахыг хүсвэл өнөөдөр ахмад настны эрхийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой.
Ахмад настны эрхийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэ цахим хуудсаар зочилно уу. Мөн дэлхий дахины хүний эрхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн идэвхтэн ахмадуудын урам зориг, үзэл санаа, кампанит ажлын талаарх Эмнести Интернэшнлийн ярилцлагыг эндээс уншина уу.