Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн нийт зээлийн өрийн үлдэгдэл 28 хувиар нэмэгдсэн аж. Үүнд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 38.1 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Үндэсний статистикийн хорооны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Урьдчилсан үзүүлэлтээр инфляц 5.7 хувь гарахад импортын барааны үнэ 34.8 хувиар өссөн нь нөлөөлжээ. Экспорт энэ оны таван сард 6.4 тэрбум ам.доллароор буюу 1.2 хувиар нэмэгдсэн. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 26.9 хувиар өссөн” гэв.
Мөн энэ оны эхний таван сарын байдлаар нийт 4893 гэмт хэрэг бүртгэгдэж, хохирсон иргэний тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар өсжээ. Түүнчлэн амаржсан эхийн тоо 5000 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 580-аар буурсан аж.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн