Банкны салбарын нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарчээ. Тус хугацаанд банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа хэмээн дүгнэв. Тодруулбал, банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар нэмэгдсэн. Эдийн засгийн салбаруудын сэргэлттэй зэрэгцэн чанаргүй зээлийн хэмжээ буурч эхэлжээ.
Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа ч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж буй нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцэл ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Гэхдээ дотоодын үйлдвэрлэл бус импортын хэрэглээ сар бүр өссөөр байгаа нь 5.1 сая ам.долларын нөөцөд эрсдэл учруулах магадлалтай.
Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
Уул уурхай, тээврийн салбарын өсөлтөөс гадна барилга, боловсруулах үйлдвэр болон үйлчилгээний салбар өсөлтэй байгаа нь эдийн засаг 7.8 хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн оны сүүлээс өвөлжилт хүндэрч мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учирсан нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтворжиж инфляцын түвшин ч буурчээ.
Харин “Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрахтай зэрэгцэн тооцоо судалгаагүй, үр ашиггүй олон төсөл, хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлж эхэлбэл эдийн засгийн сэргэлтийг хязгаарлах, цаашлаад дордоход хүргэж болох эрсдэл буй”-г Монголын банкны холбооноос санууллаа.
2024 оны банкны салбарын онцлох өөрчлөлт, цаашдын хандлага:
- Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэсэн зээл олголт нэмэгджээ.
- Банкуудын чанаргүй зээлийн багц буурчээ.
- Олон нийтэд нээлттэй болсон банкууд 2023 оны ашгаас 483 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ногдол ашиг хуваарилжээ.
- Банкны салбарын санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүд олон улстай дүйцэхүйц байна.
- Төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдсэн нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүллээ.