Б.Очирваань жилийн өмнө Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан билээ. Тэрбээр "Би жилийн өмнө гэрээсээ гарч, аяллаа эхлүүлсэн. Хүн хаанаас хаа хүрч болдог вэ гэдгийг харуулахыг хүссэн. Аялж ирээд хамгийн эхэнд төв талбайдаа ирж эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан. Энэ зорилгоо энэ олон дугуйчин ах, эгч нартайгаа биелүүлсэндээ баяртай байна.
Миний аялал 19 улсаар дамжиж, 14 мянган км-ийг нэг жилийн хугацаанд тууллаа. Энэ аялалд хэцүү саад бэрхшээлтэй үеүд олон байсан. Гэхдээ миний зорилго тодорхой, хүсэл мөрөөдөл минь чухал байсан учраас эцсийн зорилгодоо хүрсэндээ туйлын их баяртай байна. Олон хүнд танигдаж, тэднээс урмын сайхан үгс сонслоо. Намайг улам хурцаллаа. Цаашид бусад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө илүү хичээнэ. Дугуйтай аялал хувь хүнд ямар их сургамж өгдгийг мэдэрсэн. Хүн болгон хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой, хичээнгүй байгаарай” гэж онцоллоо.