Оны эхний таван сарын хугацаанд нүүрсний экспортын биет хэмжээ 37.3 хувиар нэмэгдсэн ч үнийн дүн нь тав орчим хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт өссөн ч үнэ дорвитой нэмэгдэхгүй байгаа юм. Харин нүүрсний экспортын өсөлт эрчимжсэнээр эхний таван сарын гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Монгол Улс оны эхний таван сарын байдлаар нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өсжээ. Харин үнийн дүнгийн хувьд 3.8 тэрбум ам.долларын чулуун нүүрс экспортолсон нь экспортын нийт үнийн дүнгийн 60 хувийг бүрдүүлж байна. Хэдий тийм боловч 2023 оны эхний таван сарын үнийн дүнтэй харьцуулахад ялимгүй буюу 180 орчим сая ам.доллароор өссөн нь нүүрсний үнийн уналттай голлон холбоотой. 2023 оны эхний таван сард 23.1 сая тонн нүүрсийг 3.6 тэрбум ам.доллароор экспортолж байв. Нүүрсний экспортын биет хэмжээ өсөж байгаа ч экспортын орлого буурах магадлалтай.