Дорнод аймгийн төв Чойбалсанд улсын хэмжээнд гуравдугаарт орох буюу 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн станц ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний дутагдлаа Сүхбаатар аймгийн станцаас нөхөж байжээ. Улмаар Монгол Улсын болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон аж. Уг төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын ТВЕА компани ажилласан юм байна.
Шинэ станц ашиглалтад оруулснаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийнхан орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх нь. Цаашлаад нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөхөөс гадна орон нутагт 130 гаруй байнгын ажлын байр нэмэгдэх боломжтойг дээрх компанийнхан онцоллоо.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн