Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Улаанбаатарын энэ оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгох гэж буй нь энэ юм. Нийслэл 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжихаар болсон. Үүнтэй холбоотойгоор төсөвт дахин өөрчлөлт оруулах гэж буй аж. Энэ удаад нийслэлийн үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг төсөвт нэмж тусгах гэнэ. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард төсөвт өөрчлөлт оруулж, суурь орлогыг гурван их наяд төгрөгт хүргэж нэмсэн юм. Ингэхдээ метро барих ажилд 333, уг төслийн зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн Урт цагаан, 32-ын тойрог орчмыг тохижуулахад 60.7, хотын төв хэсгийн явган хүний замыг шинэчлэхэд зориулсан 35.6 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгаж байсан билээ.
Бэлтгэсэн .Ч.Зул