Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн удирдлагууд хоёр жил гаруй хугацаанд эмч, мэргэжилтнүүдийнхээ цалинг хууль бусаар хассан талаар тусэмнэлгийн ажилтнууды н төлөөлөл өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. СЭМҮТийн Үйлдвэрчний хорооны дарга Б.Алтанзул “2023 оны нэгдүгээр сараас эхлэн шөнийн ээлжид хонож ажиллаж байгаа хүмүүсийн цалинг дутуу олгож ирлээ. Байгууллагынхаа Удирдлагын зөвлөл болон Санхүү, бүртгэлийн албаны дарга нартай энэ асуудлаар удаа дараа уулзаж, шаардлага тавьсан. Гэвч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Хөдөлмөрийн тухай хуульд 22.00-06.00 хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно гэж заасан. Гэтэл энэ хугацаанд ажилласан хүмүүсийн цалинг дутуу олгож байна.
Өөрөөр хэлбэл, шөнө ажилласан хүмүүсийн 400-500 мянган төгрөгийн хөдөлмөрийг үнэлээгүй. 24 цаг ажиллаад 48 цаг амрах ёстой жижүүрүүдийн шөнийн цагийг бүр тооцдоггүй. Энэ асуудлаар ХНХЯ-нд гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч дүгнэлт гаргаж, зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Үүнээс шалтгаалж ажил олгогчийн зүгээс Үйлдвэрчний хорооныхонд дарамт учруулах болсон. Удирдлагын зүгээс “Төсөв байхгүй” гэсэн тайлбар хэлдэг. Үнэхээр санхүүжилтгүй болохоор олгоогүй юу гэдэгт аудитын шалгалт хийлгэмээр байна” гэв. СЭМҮТ-ийнхнийг хүнд, хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг. Сэтгэцийн хурц өвчтэй хүмүүстэй ажиллаж буй учраас шөнийн ээлжид нойр авна гэсэн ойлголт байхгүй гэв. Өөрийгөө, эсвэл өвчтөнийг эрсдэлтэй байдалд оруулж болзошгүй учраас байнга сонор сэрэмжтэй байдаг гэнэ. Одоогоор тус эмнэлгийн 210 ажилтан хохирогч буюу дутуу цалин хөлс авсан гэж мэдүүлсэн бөгөөд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор шаардаж буй аж.