Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, “Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөр хамтран Монгол Улсын ТББ-уудыг чадавхжуулах уулзалтыг Улаанбаатар зочид буудлын “Сонгинохайрхан” танхимд зохион байгууллаа. Монголд сайн дурын үйл ажиллагааг үнэгүй гэж боддог бас энэ талаарх нэгдсэн ойлголтгүй. Тиймээс уулзалтын зорилго нь сайн дурын ажил, сайн дурын ажилтан, сайн дурын ажлын судлагдахуун гэж юу болох талаарх ойлголтоо нэгтгэх, мөн хууль батлах урьдач нөхцөл бүрдүүлэх аж. Уулзалтад төрийн байгууллагаас ХНХЯ-ны төлөөлөл болон Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүд оролцлоо. Бусад нь сайн дурын үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг “Хөөрхөн зүрх”, “Лантуун дохио”, “Зориг сан” зэрэг ТББ-уудын төлөөлөл байв.
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш судлаач О.Саранчулуун сайн дурын ажилтны талаар хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаануудын үр дүнг танилцуулав. Энэхүү Сайн дурын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, НҮБ-аас Монголд хэрэгжүүлсэн сайн дурын хөтөлбөр тогтвортой хөгжлийн зорилтод хэрхэн нөлөөлөв зэрэг судалгаа оролцогчдын анхаарлыг татсан юм.
Уулзалтаас гарсан санал зөвлөмжийг ХНХЯ-нд хүргүүлэх юм байна. Улмаар энэхүү сайн дурын ажил, ажилтны талаарх ойлголтоо нэгтгэсэн санал зөвлөмж нь сайн дурынхны эрх зүйн орчныг сайжруулна хэмээн зохион байгуулагчид үзэж буй.
Монголд одоогоор сайн дурын ажиллагаа зөвхөн журмаар зохицуулагдаж буй. Тэгвэл ХНХЯ-наас энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах судалгааг эхлүүлсэн байна.