Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-г эрхлэн гаргадаг. 2023 оны дүнг 2024 оны тавдугаар сарын 29-нд дэлхий даяар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгох процесс нь хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 62 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 19 авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 80 оноогоор үнэлэгджээ. Төсвийн ил тод байдал Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа.
Төсвийн хагас жилийн тайланг цахим хэлбэрээр нийтэлсэн. Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ төсвийн найман үндсэн баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй. Төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 19 оноо авчээ. Энэ нь манай улсын Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна.
Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанд эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай хэмээн дурджээ. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 75 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 89 оноо тус тус авсан байна.