Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш 400 гаруй өөрчлөлт оржээ. Гэтэл энэхүү өөрчлөлт орсон ч үр дүнгээ өгөлгүй, хууль зөрчсөн үйлдлүүд даамжирсан. Улмаар 4-5 бие даасан хууль салбарлаж, энэ хэрээр давхцал үүссэн гэдгийг сонсголд оролцогчид хэлж байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс “Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр дэд бүтэцтэй холбоотойгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгож байна. Дээрх хууль батлагдсанаас хойш 83 тусгай зөвшөөрөл олгосноос хойш 31 нь хүчин төгөлдөр, ашиглалтын 25, цуцлагдсан 17, цуцлах шатанд 10 зөвшөөрөл бий. Үүнээс хамгийн асуудалтай нь “Хошуу-Овоо” компанитай холбоотой зөвшөөрөл юм” гэж ярилаа.
Өвөрхангай аймгийн Засаг Дарга И.Доржсүрэн “Манай аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг тодорхой хэмжээнд олгодог. Давхцалтай, хууль зөрчсөн 5 зөвшөөрөл байна. Эдгээр нь 2016 онд олгогдоод хугацаа нь дуусаад хүчингүй болсон. Одоогийн байдлаар Өвөрхангай аймагт хайгуулын 6, ашиглалтын 4 зөвшөөрөл хүчин төгөлдөр байна” гэдгийг дурдав.
Түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой нийтлэг зөрчлөг Дундговь, Дорноговь, Төв аймаг, Баянхонгор аймгуудад ихээр илэрдэг тухай Экологийн цагдаагийн газраас мэдээлж байна. Гэтэл зарим аймгуудын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж, зөрчилтэй байдал сонсголын үеэр илэрсэн.
Дундговь аймгийн геологийн улсын байцаагч н.Цэрэндорж “Манай аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын давхцал байхгүй. Харин ч эсрэгээрээ хайрга, дайрганы хомсдол үүсэж, УУХЯ, ЗТЯ-нд асуудлыг шийдвэрлэх хүсэлт өгсөн” гэх байр суурийг илэрхийлэв.
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат “Хайгуулын 12 лиценз байна. Үүнээс тав нь давхцалтай хэмээн шинжээчид хэллээ. Энэ бол эндүүрэл. Аливаа зөвшөөрлийг олгохдоо давхцал үүсгээгүй. Харин 2009 оны Засгийн газрын 86-р тогтоолийн дагуу тусгай хэрэгцээнд авч, нэр бүхий кординаттай газруудад дээрх зөвшөөрлийг олгохыг хязгаарласан байдаг. Элс хайрга ашиглах эрэлт хэрэгцээ өссөн учраас энэ асуудлыг шийдвэрлэх өгөхийг хүсэж байна” гэлээ.