Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хууль, эрх зүйн зохицуулалтуудыг судалж үзэхэд "Нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын байр бий болгох, орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах" гэсэн анхны үзэл баримтлал, үндсэн зорилт нь ач холбогдлоо алдсан гэж шинжээчид дүгнэжээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх, хууль, хяналт, хүчний болон холбогдох байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцох ажлын уялдаа холбоог сайжруулах, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлж нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна.
Хянан шалгах түр хороонд цугларсан нотлох баримтаас үзэхэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах нэрээр халхавчлан "журамд зааснаас том оврын техник, хэрэгсэл ашиглах, нөхөн сэргээгдээгүй эвдрэлд орсон талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байтал, санаатайгаар хууль бус олборлогч нарыг оруулж, эвдрэлд оруулах" зэрэг журмын хэрэгжилтэд нийтлэг зөрчил нэмэгдэх хандлага үүссэн.
Түүнчлэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг журмаар зохицуулахад учир дутагдалтай байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 3.2-д заасан бичил уурхайн зохицуулалтыг хүчингүй болгож, энэхүү үйл ажиллагаанаас үүссэн бодит хохирлыг тогтоох, нөхөн сэргээх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудал орхигджээ.