“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголын хоёр дахь өдөр Аймаг, нийслэлийн засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, шинжээчдийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль анхны үзэл баримтлалтай нийцэхгүй болсон; Төрийн захиргааны байгууллагаас "олгох боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар тусгай зөвшөөрөл олгосон зөрчлийг илрүүлжээ.
Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл, Улсын нөөцийн баланс хуульд заасны дагуу хийдэггүй, түгээмлээс өөр төрлийн илрэлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн хажууд, дунд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудал их байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт "Ханбогд Өлзийт" ХХК-ийн Ханан нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-46000116-NM бүртгэлийн дугаартай 25.57 гектар талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т зааснаар Засгийн газрын 2019 оны 89 дүгээр тогтоолоор нөөцөд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай тул арга хэмжээ авахыг хүсжээ. Дээрх зөрчлийн үүднээс 12 зөвшөөрөл олгосон байна.