Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форумыг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос өчигдөр зохион байгууллаа. Форумын үеэр хөндсөн гол асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж, сурах эрхийг нь хангах тухай байлаа. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11 835 хүүхэд байна. Тэдний 70 орчим хувь буюу 8228 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй гэнэ.
Эл үзүүлэлтийг 100 хувьд хүргэж, бүх хүүхдийн сурах эрхийг хангахад сургууль, багш, эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, төрийн холбогдох байгууллагынхан гээд бүх талын оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт шаардлагатайг форумд оролцогчид хөндсөн юм. Тухайлбал, хүүхэд өөрөө сурах хүсэл эрмэлзэлтэй, эцэг, эх, асран хамгаалагчид нь тэднийгээ хөгжүүлдэг, сургууль, багш нар нь сурах орчин нөхцөлийг нь хангаж, төрийн холбогдох байгууллагынхан бодлогын талаас нь дэмждэг байх шаардлагатай гэв. Бас ийм боломж бүрдүүлэхэд бүх хүн хувь нэмрээ оруулж, дэмжихийг уриаллаа.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо болон Боловсролын ерөнхий газрынхан хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг дөрвөн сургуульд “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм байна. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчид үе тэнгийнхний дэмжих бүлэг байгуулан, хамтдаа хөгжих, суралцах, хүний эрхийн мэдлэгтэй болох, өөрийгөө илэрхийлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлох зэрэг ур чадварт суралцаж буй аж. Түүнчлэн сурагчид хүсэл зорилго, үзэл бодлоо илэрхийлж, хэрэгцээгээ тодорхойлон, оролцох, хөгжих эрхээ танин мэдэх давуу талтай гэнэ. Эл жишгийг бусад сургууль, цэцэрлэгийнхэн нэвтрүүлж хэрэгжүүлэх бол хамтран ажиллах боломжтойгоо дээрх байгууллагынхан илэрхийлсэн.
Бэлтгэсэн: М.Оч