Эверестийн ноён оргилд 30 дахь удаагаа авирснаар Балбын уулчин Ками Рита хувийн дээд амжилтаа ахиуллаа. Тэрбээр эл төрлийн дээд амжилтыг 2018 оноос хойш эзэмшиж буй нэгэн.
САНАМСАРГҮЙ ДЭЭД АМЖИЛТ
Энэ жил 54 настай Ками Рита бол уулчдад тусалдаг мэргэжлийн замч буюу шерпа юм. 1950-аад онд Эверестэд авирах эрхийг гадаадын уулчдад өгсний дараа түүний аав нь анхны шерпа нарын нэг болжээ. Тиймээс Ками үүнээс өөр зам сонгох боломжгүй байсан гэхэд болно. Түүний ах Лакпа Рита ч мөн шерпа, гэхдээ Эверестэд “дөнгөж” 17 удаа гарчээ. Сонирхолтой нь, Ками амьдралын өөр зам мөрийг сонгож, лам болохоор шийдэн сүмд шавилан суусан ч өөрт нь таарахгүй гэдгийг удалгүй ойлгосноор шерпагийн ажилд эргэлт буцалтгүй оржээ.
Тэрбээр анх 12 настайдаа аав, ахдаа багаж төхөөрөмж зөөхөд нь туслахаар уулын бэлийн бааз руу (5364 метр) авирч байв. Удалгүй баазад хоол хийхэд тусалж байсан бол 24 насандаа Эверестэд анх удаа гарсан аж. 1994-2017 оны хооронд Ками жуулчин, уулчдад туслан дэлхийн ноён оргилд 21 удаа авирсан байна. Ингээд Эверестэд ийм олон удаа гарсан түүхэн дэх гурав дахь уулчин болсон юм. “Тухайн үед би тохиолдлоор эл дээд амжилттай зэрэгцсэн. Ердөө л ажлаа хийж байснаас бус, дээд амжилт эвдэх ямар ч бодол байгаагүй” хэмээн Ками дурсжээ.
Харин уг дээд амжилтын эзэн болсныхоо дараа түүнийг улам ахиулах хүсэл төрсөн гэнэ. 2019 оны тавдугаар сард Эверестэд 23 дахь удаагаа гарч, шинэ дээд амжилт тогтоосны дараа дахин ингэх хүч чадал өөрт нь үлдээгүй гэж тооцож байв. Гэвч үүнээс зургаахан өдрийн дараа (тавдугаар сарын 21) дахин буюу 24 дэх удаагаа оргилд гарчээ. Удаах гурван жилд нь дараалан Эверестэд хөл тавьсан агаад 2023 оны тавдугаар сарын 17-нд Вьетнамын тэрбумтан Чин Чуг оргилд гарахад нь тусалсан аж. Харин энэ онд Ками хоёронтоо буюу тавдугаар сарын 12, 22-нд оргилд гарснаар түүхэн дээд амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн билээ.
Эверестэд 30 дахь удаагаа гарсны дараа тэрбээр “Дэлхийн дээвэрт 30 дахь удаагаа гарч түүхийг бүтээгээд Катмандуд ирсэндээ маш их баяртай байна. Ойр тойрны хүмүүсийн тусламж дэмжлэггүйгээр ийм амжилтад хүрэх боломжгүй байлаа. Гэр бүл, найз нөхөд, хамтрагч нартаа маш их баярлалаа. Та нарын итгэл л эл аяллын турш намайг дэмжих хамгийн том хүч болж байсан шүү” хэмээн өгүүлжээ.
Ками Ритаг “Эверестийн хүн” гэж хочилдог ч түүний бүх амжилт зөвхөн энэ уултай холбоотой биш юм. Тэрбээр найман мянгатуудын оргилд нийт 42 удаа хүрсэн байна. Үүний дотор Чо-Ойд (8188 м) найм, Манаслуд (8163 м) гурав, Лхоце (8516 м) болон К2-т тус бүр нэг удаа авирсан амжилт бий.
Дээд амжилтын эзэн уулчин хүүхдүүдээ шерпа болгохыг хүсдэггүй гэнэ. Тэрбээр хангалттай орлого олж байгаа учраас хүүхдүүддээ сайн боловсрол олгож, өөр мэргэжил эзэмшүүлэх зорилготой аж. “Манайх цагтаа ядуугийн туйл айл байсан. Бидэнд ууланд авирахаас өөр орлогын эх үүсвэр байгаагүй. Үхэх хүртлээ уулын оргилд авирдаг байсан. Хүүхдүүдээ би тийм эрсдэлд оруулж болохгүй. Яагаад гэвэл уулын спорт дайнтай төстэй. Түүнээс эсэн мэнд эргэж ирэхээ хэн ч мэдэхгүй” хэмээн Ками Рита ярьжээ.
Тэрбээр ярьсан зүйлийнхээ утга учрыг дэндүү сайн мэднэ. 2014 онд түүнийг Эверестэд авирч байхад цасан нуранги 16 хүний, тэр дундаа түүний багийн таван гишүүний амийг авч одсон аж. Гэвч Камид зодог тайлах төлөвлөгөө алга. Ууланд авирах тэнхэлгүй болох хүртлээ тэрбээр шерпагаар ажиллахаар шийджээ. “Өөр ажил, магадгүй жижигхэн бизнес хийе гэж би түүнд байнга хэлдэг ч үгийг минь огт сонсдоггүй” хэмээн эхнэр Лакпа Жанму нь ярьсан байна.
“ГАДААДЫН” СУПЕР УУЛЧИД
Ками Рита шиг бүхий л насаараа шерпа хийдэг учраас Эверестэд хамгийн олон удаа авирсан ихэнх дээд амжилтыг балбууд эзэлдэг. Харин шерпа бус уулчдын дээд амжилтыг 49 настай британи эр Кентон Кул эзэмшдэг юм. Тэрбээр 2024 оны тавдугаар сарын 12-нд Эверестэд 18 дахь удаагаа гарчээ. 2004 онд эл аяллаа эхлүүлснээс хойш бараг жил бүр дэлхийн дээвэрт хөл тавьсан байна. Сонирхолтой нь, Кул мөн л шерпагаар ажилладаг бөгөөд саяхан Британийн супермаркетийн сүлжээний эзэн Р.Уолкерыг Эверестэд авирахад нь тусалжээ.
Харин эмэгтэй уулчдын дээд амжилтыг Эверестэд 10 удаа гарсан балба бүсгүй Лакпа Шерпа эзэмшдэг.Гадаадын уулчдыг Мелисса Арнот (зургаан удаа) тэргүүлдэг юм. Эдгээр уулчин ихэвчлэн 50 эргэм насныхан. Гэхдээ Эверестэд авирсан хамгийн хөгшин хүн бол Японы иргэн Юйчиро Миүра. Өдгөө 91 настай Миүра 2013 онд 80 нас 224 өдөртэй байхдаа эл сүрдэм амжилтаа үзүүлж байсан билээ.
Бэлтгэсэн Н.Энх