Зураач, дизайнер Б.Дэлгэрцэцэг бие даасан “Торгон хэмнэл” үзэсгэлэнгээ “Норфей” арт галерейд нээгээд байна. Энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд халуун, хүйтэн батикийн аргаар хийсэн, 100 хувь хүр хорхойн дан нэхээстэй торго, цэвэр нимгэн даавуу, зориулалтын будаг, контур ашигласан бүтээлүүдийг дэлгэжээ. ШУТИС-ийн багш, дэд профессор, доктор тэрбээр үзэсгэлэнгийнхээ нэрийн талаар “Хүн төрөлхтөн торго, даавуу гэх мэт зөөлөн материалтай учраад олон зууныг үдэж, угтсан түүхтэй. Монголчууд бид торгоны үүсэлтэй салшгүй холбоотой. Ийм учир торго, даавуу, утас гэх зөөлөн материалыг орон зай, өнгө, дүрслэлээр баяжуулан, ертөнцийг өөр өнцгөөс харж мэдрэх хүсэлдээ хөтлөгдөн, сэтгэлийн хэмнэл, амьдралын айзам, хөг эгшгийг илэрхийлэхийг зорьсон учир үзэсгэлэнгээ“Торгон хэмнэл” хэмээн нэрлэлээ” гэж тодотгожээ.
Тэгвэл бүтээлүүдийнхээ утга агуулга, өнгө аясын талаар уран бүтээлч Б.Дэлгэрцэцэг “Торгон хэмнэл” бол миний сэтгэлийн хэмнэл. Өвөг дээдсийн минь зуун зуунаар дамжин уламжлагдан ирсэн байгаль дэлхий, түмэн бодисыг уран нарийн хэмнэлтэй хээ хуар болгон далд утга, донж төрхөөр илэрхийлэхэд ахуй амьдрал, цас, бороо, ус, ургамал, жигүүртэн амьтдын дүрслэл нь бүтээн туурвих урам зориг өгдөг. Энэхүү үзэсгэлэн нь миний сэтгэлийн нандин мэдрэмжийг торго, даавуу гэх мэт зөөлөн, уян материалаар халуун, хүйтэн батик болон гобелен хийх арга ажиллагаанд тулгуурлан ард олондоо хүргэж буй мэдрэмж юм” гэж тодорхойлсон байна.