Монголбанкны 2023 оны жилийн тайлан гарчээ. Тус тайланд Эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 2023 онд 7.0 хувиар өссөнийг дурдав. Гадаад эрэлт сайн байж уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн, тээврийн салбарын орлого нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ. Тайлант онд 81 сая тонн нүүрс олборлосны зэрэгцээ Оюу-Толгойн ил, далд уурхайн үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Мөн уул уурхайг дагасан тээврийн орлого огцом өсөж, дамжин өнгөрөх тээвэр оны турш эрчимжсэнээр тээврийн салбар энэ онд 40 орчим хувиар өсөв. Ийнхүү уул уурхай, тээврийн салбар дангаараа эдийн засгийн өсөлтийн 4.3 нэгж хувийг бүрдүүлжээ.
Уул уурхайн бус салбарын идэвхжлийг даган хэрэглээ сэргэж, тээврээс бусад үйлчилгээний салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд 2.6 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлэв. Татварын орлого бүрдүүлэлт нэмэгдэж, бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтийн 0.9 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Харин хөдөө аж ахуйн салбар 2023 онд 9.0 орчим хувиар буурснаар эдийн засгийн өсөлтөд бууруулах нөлөө үзүүлсэн салбар болов. Өнгөрсөн онд малын тоо улсын хэмжээнд 71.1 сая толгойд хүрч түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол тайлант онд хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж, төл бойжилт муу байснаар 2023 оны эцсийн мал тооллогоор малын тоо 64.7 сая болж буурчээ.