Жил бүр Монголын төмөр замын тээвэрлэж буй ачааны хэмжээ нэмэгдэж байгаа ч сайжруулах шаардлагатай байгаа билээ. ОХУ нь олон жилийн турш шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад тусламж үзүүлж ирсэн бөгөөд цаашид ч туслахад бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм. Удахгүй ОХУ-д болох Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаар Орос, Монгол, Хятадын хилийн боомтуудын хөгжлийн асуудлыг хэлэлцэх нь дамжиггүй.
“Монголын төмөр зам” ТӨХК энэ оны эхний улиралд нийт 10.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны 1-р улиралтай харьцуулбал 13.7%-иар нэмэгдсэн байна. Энэ нь Монгол Улсын ачаа тээвэрлэлт өндөр хурдацтай хөгжиж байгааг харуулж байна. ОХУ нь өөрийн анхаарлаа дорно зүг рүү хандуулж байгаа бөгөөд Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорыг байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд бодитой алхамууд хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Энэхүү коридорыг бий болгохын тулд тодорхой төлөвлөгөө шаардлагатай билээ. Энэ тухай талууд олон жил ярьж, хэлэлцэж байгаа бөгөөд 2023 ондоо багтааж холбогдох байгуулагууд төлөвлөгөө боловсруулж, энэ онд хэрэгжүүлж эхлэх ёстой байсан. 2023 онд ОХУ, Монгол Улс төмөр замын чухал төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн сайдын үгнээс иш татан ARD мэдээний портал: "Бид ойрын хугацаанд их засварын ажлыг эхлүүлэн, шинэ төсөлд хамтран ажиллах саналыг оросын талд санал болгосон" гэж бичжээ. Тодруулбал энэ нь Улаанбаатар хотыг дайран өнгөрөх “Богдхан төмөр зам” төсөл юм. Уг төсөл нь төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, замын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Оросын тал энэ төслийг дэмжиж, төмөр замын их засварын ажил, шинэчлэлийг яаралтай эхлүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно гэдгээ мэдэгдсэн.
Мөн өнгөрсөн онд оросын тал Соловьевскийн төмөр замын шалган нэвтрүүлэх боомтыг олон талт болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ зорилгоор Монгол Улс Бичигтийн боомтоос (Хятадтай хиллэдэг) Чойбалсангаар дамжин Эрээнцав буюу Соловьевсктой хиллэдэг боомт хүртэл төмөр зам барих төслийг боловсруулж байна.
Монголын төмөр замыг шинэчлэх, сайжруулах тал дээр ОХУ нь хоёр талын байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд УБТЗ-т шинэ зүтгүүрүүд нийлүүлдэг. Гэхдээ Монголын төмөр замын шинэчлэлийг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгийн нэг нь ОХУ-ын Сибирийн холбооны тойргийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийг батлах шаардлагатай бөгөөд үүнд хил дамнасан тээврийн коридор байгуулах тухай дурьдсан байгаа. Тиймээс оросын тал Монголын төмөр замыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.
6-р сарын 5-8-нд ОХУ-д Петербургийн олон улсын эдийн засгийн 27 дахь чуулга уулзалт болно. Жил бүр чуулга уулзалтын үеэр ложистикийн асуудлыг хэлэлцдэг билээ. Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга “Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа хэдий ч олон улс орон харилцан ойлголцол, хамтын ажиллагааны гүүр байгуулахад бэлэн байгааг 2023 онд зохион байгуулагдсан манай чуулга уулзалтын оролцогчид онцлон хэлж байсан” гэв.