Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Тавантолгойн ачилтын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 89 дүгээр тогтоолоор батлуулснаар дээрх төсөл эхэлсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хянан баталгаажуулах, магадлуулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хүлээлгэн өгөх ажлыг төмөр замын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иар гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээг 2021 онд байгуулжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернейшнл” ХХК ажиллаж, төслийг барилгын ажлыг гүйцэтгээд байна.
“Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төв”-ийн бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах барилга байгууламжаас бүрдэх аж. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, шинээр 135 орчим ажлын байр бий болох төдийгүй улсын эдийн засагт нөлөөтэй нүүрсний салбарын олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: УУХҮЯ