Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит үндэсний сурын нээлтийн харваа “Чингисийн хүрээ” жуулчны баазад болов. Үүнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 75 багийн 1500 харваач цэц сорилоо. Улсын дархан, даяар дуурсах, даян, улсын мэргэн цолтнууд гарамгай, гоц, онч, тод харваачидтай хоёр өдөр ана мана өрсөлдсөн. Дээрх тэмцээнд эрэгтэйчүүдээс Баян- Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Соёмбо” багийн харваач, улсын гоц харваач Б.Энхтүвшин, улсын гарамгай харваач Х.Цогбаяр, Дундговь аймгийн Луусын харьяат, аймгийн мэргэн Б.Отгонхүү, Ховдын Дуут сумын харьяат, аймгийн мэргэн Г.Ганзориг нар 35 оноогоор тэнцсэн тул 76 метрийн зайнаас товх харвалаа. Тэднээс Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн мэргэн, “Ёл мэргэн” холбооны харваач Д.Чулуунбаяр 37 оноогоор тэргүүлсэн юм. Тэгвэл Б.Энхтүвшин II, Г.Ганзориг III байр эзлэв.
Эмэгтэйчүүдээс улсын мэргэн Г.Батзаяа, аймгийн мэргэн Б.Нямдоржтой 35 оноогоор тэнцэж, товхлон III байрт шалгарлаа. Тэргүүн байрын төлөө 36 оноотой харваачдаас Завхан аймгийн Түдэвтэйн харьяат, улсын даян мэргэн, “Очирваань” клубийн харваач Д.Эрдэнэтуяа Дорнодын Сэргэлэн сумын харьяат, аймгийн гарамгай мэргэн спортын мастер Т.Баттуяатай өрсөлдөж түрүүллээ. Тэмцээнд оролцсон харваачдаас хамгийн ахмад нь 82 настай Монгол Улсын мэргэн Б.Батжаргал, залуу нь 18 настай Б.Бэрцэцэг нар байлаа.