БНХАУ-д 2024 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр тус улсын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагыг танилцуулсан. Танилцуулгад БНХАУ нийт 450-500 сая тонн нүүрсийг импортлохоор төсөөлснөө онцлов. Үүнээс нийт 108 сая тонн коксжих нүүрсийг импортолж, 55-60 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улсаас импортлох төлөвлөгөөтэй гэдгээ дурджээ.
2023 онд 70 сая тонн нүүрсний 77 хувь буюу 54 сая тонн нүүрсийг коксжих чанартай нүүрс эзэлж байсан. Энэ үзүүлэлтийг БНХАУ-ын талаас нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хэдий БНХАУ-аас нүүрсний хэрэглээг багасгах, түүхий гангийн үйлдвэрлэлийн өсөлтийг үе шаттайгаар бууруулах бодлогыг баримталж байгаа ч ойрын жилүүдэд тус улсын коксжих нүүрсний хэрэглээ буурахааргүй байна.
Түүнчлэн зөвхөн нүүрс биш гол экспортын бүтээгдэхүүн болох зэсийн үнэ олон улсад нэмэгдэж буй. Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхлээд хоёр дахь жилдээ орсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр анх удаа зэсийн баяжмалыг арилжаалсан. Зэсийн баяжмалыг тонн тутамд 2,141.8 ам.доллар, үүнээс цэвэр зэсийн үнэлгээг гаргавал тонн тутамд 9,583.1 ам.доллароор үнэлсэн.