БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн “Союзнефтьэкспорт нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах тухай” 15 дугаар тогтоол гарч байжээ. Үүний дагуу тухайн үеийн Тээврийн яамны харьяанд Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтсийг байгуулсан. Өдгөө газрын тосны салбарын хөгжил 83 жилийн нүүр үзжээ.
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд бий. 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх илрүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
Дээрх орд газрыг түшиглэн Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулан, 1949 онд ашиглалтад оруулсан аж. 1950-1969 оны хооронд 500 гаруй мянган тонн газрын тос олборлож, боловсруулан улсын түлш, шатахууны хэрэглээний тодорхой хувийг хангаж байв.
Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил дахин идэвхтэй өрнөж, улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 39 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар дөрвөн талбайд газрын тосны ашиглалт олборлолтын, есөн талбайд газрын тосны хайгуулын, зургаан талбайд уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/-ны хайгуул, судалгааны ажлыг Засгийн газраас эрх олгосны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явуулж байна.
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн газрын тосны хайгуул, судалгааны ажилд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Хайгуулын ажлын үр дүнд нийт 332.64 сая.тн газрын тосны баталгаат нөөц, 43.258 сая.тн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авсан.
Өнгөрсөн 1996-2023 онуудад Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан Элсний орд газруудаас нийт 10.4 сая.тн газрын тос олборлож, экспортлов. Экспортын орлогоос БХГ-ний дагуу улсын төсөвт 2.5 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.