Зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг НҮБ-ынхан гаргасан байна. Тодорхой хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор ийн санхүүжилт олгох юм. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ-700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан-350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан-500 мянган ам. доллар)-аар дамжуулан зохион байгуулна. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 12 050 хүн хүргэхээр тооцоолжээ.
НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра мэдээллийн эхэнд “НҮБ-ын Онцгой байдлын сангаас зудад нэрвэгдэж, аж ахуй нь доройтсон малчдад тусалж буй. Бид 2023 оны аравдугаар сараас 2024 оны тавдугаар сар хүртэл зудад өртсөн малчдын судалгааг нарийвчлан гаргалаа. Хөдөөгийн айл өрхүүдээр орж уулзлаа. Монгол орны цөөнгүй аймагт сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүнд хэцүү төмөр зуд тохиосон. Хүн малгүй туйлдаж, мал идээшлэх газаргүй, идэх өвсгүй болсон. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийнхан хамгийн их хохирсон нь. Том зургаар нь харвал бид хамтдаа маш сайн урьдчилан сэргийлж чадсан. Урьдчилсан байдлаар өнгөрсөн өвлийн зуднаар 15 сая мал хорогдох тооцоо гарч байсан. Зудын дараа 7.4 сая хорогдсон гэх дүн гарсан. Энэ нь малчид сайн ажилласан, хариу арга хэмжээ үр дүнтэй хэрэгжүүлсэн гэсэн үг. Ингээд бид аравдугаар сараас хойш бодит байдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хэнд хэрхэн туслах арга замаа тодорхойлсон. Малчдыг богино болон урт хугацаанд дэмжинэ. Тэднийг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад сургаж, зөвлөж, чадавхжуулах хэрэгтэй байна. Зудын дараа малгүй болсон иргэд төв суурин газар руу шилжих сонирхолтой байдаг. Тэднийг орон нутагт нь үлдээхийн төлөө НҮБ дэмжинэ. Аргагүйдээд хот руу шилжлээ гэхэд Шилжилт хөдөлгөөний байгууллагад хандаж, дэмжлэг үзүүлэхийг хүснэ. Цаашдаа малчид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан өвлийг өнтэй давах аргыг эрэлхийлж, өвлийг өнтэй давж, эдийн засгаа сэргээгээсэй” хэмээсэн.
Винод Ахужа: Төрийн банкаар дамжуулан малчдад бэлэн мөнгө олгоно
(НҮБ, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч)
-Хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх нь бидний зорилго юм. Өнгөрсөн жилүүдийн зуднаар бид малчдад бэлэн мөнгө, нэмэх нь эд материалын тусламж өгч ирсэн. Энэ удаад нийт 9 аймгийн 72 сумын 2000 иргэнд бэлэн мөнгө олгохоор төлөвлөгөө гаргаад байна. Нэг өрхөд цалингийн доод хэмжээ болох 660 мянган төгрөгийн тусламж үзүүлнэ. Нэн тэргүүнд НҮБ-ын Онцгой байдлын сангаас Төрийн банкаар дамжуулан малаа алдсан иргэдэд бэлэн мөнгө тараана. Дараа нь малчдад мөнгө нь шилжсэн эсэхийг лавлаж, тодруулна. Яг одоо малчид бэлэн мөнгөний хомсдолд орсон байгаа. Хоёрдугаарт, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр сая тун вакциныг малчдад олгоно. Монгол Улсын Онцгой комисс, Мал эмнэлгийн ерөнхий газраас нэн тэрүүнд цэцэг өвчний вакцин хэрэгтэй байгаагаа хэлсэн. Энэ малчдын экспортын боломжийг хадгалахад дэмтэй. Эцэст нь хэлэхэд жил болгон зуд болдог. Дараа жил ч зуд болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бидний хийх дараагийн гол ажил бол малчдаа чадавхжуулах юм. Үүнд 500 мянган ам.доллар зарцуулна.
Халид Шарифи: Гамшгийн үед ч, энгийн цагт ч эмэгтэйчүүд төрдөг
(НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн)
-Төрөлт бүр эсэн мэнд байгаасай. Эхийн эндэгдлийг бууруулах, гэрлэлтийг төлөвлөдөг болгох чиглэлд ажиллаж байна. Тиймээс бидний гол зорилтот бүлэг бол эмэгтэйчүүд, охид, залуус юм. Гамшгийн үед ч, энгийн цагт ч эмэгтэйчүүд төрдөг. Онцгой байдал, гамшгийн үед эмэгтэйчүүд, охидын боловсролын үйлчилгээ хүртэх боломж хязгаарлагддаг. Гамшигт өртсөн гэр бүл, ялангуяа охид, эмэгтэйчүүд санхүүгийн хямралд ордог. Тиймээс Хүн амын санд санхүүгийн хийгээд эрүүл мэнд, бэлгийн боловсролтой байхад зориулж, 300 мянган ам.доллар зарцуулахаар хөрөнгө босгосон.
Нэгдүгээрт, Ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг 4000 ширхгийг бэлдсэн. Дотуур байрны эмэгтэй сурагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, алслагдсан сумын эмэгтэйчүүдэд хүргэнэ.
Хоёрдугаарт, Охидод зориулсан аюулгүй орон зайг бий болгоно. Тодорхой хэлбэл, охид очоод сэтгэл санаагаа өргөх, зөвлөгөө авах, сэтгэлээ уудлах тийм орон зайг таван газар байгуулна. Бие сэтгэл зүйн хувьд ч, нийгмийн орон зайд ч охид аюулгүй байх ёстой. Онцгой байдлын үед охидод сэтгэл зүйн үйлчилгээ хамгийн их хэрэгтэй байдаг.
Гуравдугаарт, Охид эмэгтэйчүүдэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс ангид байх мэдлэг мэдээлэл олгоно.
Дөрөвдүгээрт, сумын эмч, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, зудад өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх талд түлхүү ажиллана.
Эваристе Коуасси-Комлан: Хөдөөгийн сурагчдад боловсролын багц тараана
(НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч)
-Зудын гамшиг хүүхдүүдэд маш сөрөг нөлөөтэй. Хамгийн түрүүнд боловсролын үйлчилгээнээс хоцорч, шим тэжээлийн дутагдалд ордог. Улмаар сэтгэл санаа нь тавгүйрхэж, эрүүл мэнд нь доройтдог. Тиймээс тэдэнд нэн шаардлагатай суурь үйлчилгээг үзүүлэх учиртай. Энэ удаад Хүүхдийн сан 500 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Би өөрийн биеэр гамшгийн нөхцөлд хүрсэн 7 аймагт ажилласан. Баруун аймагт хүнд нөхцөлд орсон айлд очсон. Цасанд дарагдсаны улмаас нэг өрх 7 хоног гэрээсээ гарч чадаагүй байсан. Тус айлын 7 настай хүүхэд гурван настай дүүгээ өлсгөхгүйн тулд өдөрт идэх хоол хүнсээ багасгасан байсан. Өнгөрсөн удаад бид хүмүүнлэгийн тусламжаас гадна цасанд боогдсон зам харгуйг нээхэд анхаарч ажилласан. Мөн 25 000 хүүхдэд тусалсан. Одоо бид
Нэгдүгээрт, Эрүүл мэндийн багтай хамтарч орон нутаг дахь жирэмсэн ээж, эмэгтэйчүүдийг үзлэг шинжилгээнд хамруулна. Улмаар гарсан үр дүнг харж, хэрэгцээтэй амин дэм олгоно.
Хоёрдугаарт, алслагдсан малчдад явуулын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хүрч ажиллана.
Гуравдугаарт, хөдөөгийн сурагчдад боловсролын багц буюу хэрэгцээтэй байгаа боловсролын үйлчилгээ хүргэнэ.
Дөрөвдүгээрт, Орон нутгийн хүүхэд хамгааллын багтай хамтарч, хүүхдүүд рүү чиглэсэн хүчирхийллээ урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна. Тусламжийг аль болох үр дүнтэй өгөөжтэй байлгахад анхаарна.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн баг нь нийт 200 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатайг тогтоосон байна. Тэдгээрийн дотроос хамгийн эмзэг хэсэг болох 77 мянган иргэнд материаллаг болон бэлэн мөнгөн тусламж үзүүлэх аж. “Онцгой байдлын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн их хохирол амссан малчдын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг дэмжин хамгаалах, хүнс, шим тэжээл, боловсрол зэрэг нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Ингэхдээ хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай эмзэг бүлгийн малчдыг дэмжинэ.
Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн мөнгөн тусламж, хүнс, хэрэгцээт зүйлсийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө болоод боловсрол, хүнс тэжээл зэргийг Монгол Улсын хэмжээнд зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн есөн аймгийн 72 сумдад хүргүүлнэ. Тусламжийн багагүй хувийг хөдөө орон нутгийн малчин эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг хүргэхэд зарцуулна.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6,700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл олгохын зэрэгцээ 3,300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүнсний нэмэлт тэжээл олгоно. Түүнчлэн 2,000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжих сургалтын хэрэгслийг НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлнэ. Мөн гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг хүүхэд хамгааллын хамтарсан багуудаар дамжуулан хэрэгжүүлж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг сайжруулж, нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээг алслагдсан сумын 3000 хүүхдэд хүргэнэ.
НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж байна.