Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллагчдын эзэмшсэн боловсрол, мэргэжлийг ажлын байран дахь шаардлагатай нь харьцуулсан судалгааг Монголбанкнаас гаргажээ. Ажиллах хүчний судалгааны 2010-2022 оны тоон өгөгдөлд тулгуурлан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх боловсролын босоо болон хөндлөн зөрүүг тооцов. Тухайлбал, нийт ажиллагчдын 8.5 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос дээгүүр боловсролтой буюу боловсролын илүүдэлтэй, нийт ажиллагчдын 13.7 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос доогуур боловсролтой буюу боловсролын дутагдалтай, 77.9 хувь нь ажлын байранд тохирсон боловсролтой байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын илүүдэлтэй, харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс боловсролын дутагдалтай аж.
Сүүлийн жилүүдэд боловсролын илүүдэл нэмэгдэж, боловсролын дутагдал буурах хандлагатай байна. Өрхийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэнд, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт боловсролын дутагдалтай ажиллагчдын эзлэх хувь өндөр байгаа бол бөөний болон жижиглэн худалдаа, ОУБ, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбаруудад боловсролын илүүдэлтэй ажиллагчдын хувь хамгийн өндөр.
Мэргэжлийн зөрүүг шинжлэхэд нийт ажиллагчдын 47 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг, 53 хувь нь мэргэжлийн зөрүүтэй (үүнээс 22.2 хувь нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр мэргэжлээр ажилладаг, 30.8 хувь нь мэргэжил эзэмшээгүй) байна. Эдийн засгийн салбараар авч үзвэл ажиллагчид эзэмшсэн мэргэжлээсээ өөр мэргэжлээр ажилладаг салбар нь бөөний ба жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, урлаг, үзвэр, тоглоом, наадам гэсэн салбарууд аж. Мэргэжилгүй ажилтнууд хамгийн өндөр хувиар ажилладаг салбар нь ХАА, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, бөөний ба жижиглэн худалдааны салбарууд юм.
Судалгаагаар боловсрол нь хөдөлмөрийн орлогод эерэг нөлөөтэй гэдэг нь батлагджээ. Тухайлбал, боловсролд зарцуулж буй жил нэгээр нэмэгдэхэд хөдөлмөрийн орлого 3.8 хувиар өсдөг байна. Эдийн засгийн салбараар авч үзэхэд уул уурхай, ОУБ, барилга, санхүү, даатгал, тээвэр агуулах, үл хөдлөх хөрөнгийн салбарууд боловсролын өгөөж өндөртэй, хөдөө аж ахуй, бусад үйлчилгээний салбарууд боловсролын өгөөж багатай байна.
2010 онд боловсролын өгөөж 4 хувь байсан ба 2012 онд 5.8 хувьд хүрч, түүнээс цааш алгуур буурсаар 2021, 2022 онуудад 3 орчимд хувьд хүрчээ. Ажлын байранд тохирсон боловсролтой ажиллагчидтай харьцуулахад боловсролын илүүдэлтэй ажиллагчид 7 орчим хувиар бага, боловсролын дутагдалтай ажиллагчид 4 хувиар бага хөдөлмөрийн орлого олдог байна. Өөрөөр хэлбэл, ажлын байранд тохирсон түвшний боловсрол эзэмших нь хөдөлмөрийн орлогод эергээр нөлөөлдөг, харин түүнээс бага эсвэл өндөр боловсрол эзэмших нь үр ашиггүй аж. Мөн мэргэжлийн зөрүүтэй ажиллагчид (эзэмшсэн мэргэжлээсээ өөр мэргэжлээр ажилладаг, эсвэл мэргэжил эзэмшээгүй хүмүүс) эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг хүмүүстэй харьцуулахад 10 гаруй хувиар бага хөдөлмөрийн орлого олдог.