Өнгөрөгч гуравдугаар сард 5.2 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын нөөц 4.9 тэрбум болж буурчээ. Энэ нь өмнөх сараас таван хувиар буурсан ч жилийн өөрчлөлтөөр нь харвал 35 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг аж.