Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламж тус хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 44.5, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийнх 9.9 их наяд болж, 47.8 хувиар өссөн байна. Татварын орлого 46.8 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөг болоход орлогын албан татвар 74.9, онцгой албан татвар 64.1, нэмэгдсэн өртгийнх 37.3, нийгмийн даатгалынх 15.6, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 40.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 26.3 хувиар нэмэгдэн 38.1 их наядад хүрсэн аж. Үүнд төгрөгийн хадгаламж 37.6, харилцахынх 35.6 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Харин валютын хадгаламж өнгөрсөн жилийнхээс 987.4 тэрбум төгрөгөөр буурч, 4.4 их наяд төгрөг болжээ. Төгрөгийн хадгаламжийн 84.7 хувь буюу 15.8 их наяд нь иргэдийнх бол үлдсэн 2.9 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Манай улс энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сард 139 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарав. Экспортын орлого өнгөрсөн оныхоос 2.9 хувиар буюу 148.6 сая ам.доллароор буурахад нүүрс, цайрын хүдэр, баяжмал, адууны мах, лаазалсан махан бүтээгдэхүүний борлуулалт муудсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дурдлаа.
Бэлтгэсэн Н.Мишээл