АН-ын “4-11” мэдээллийн парламентаас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөний эдийн засагт учруулах сөрөг үр дагаврын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Р.Даваадорж “Уг хууль нь Төсвийн болон Банкны тухай хуулийг зөрчсөн. Эдийн засагт сөрөг нөлөө авчрах, таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөдөлгөөн өрнүүлэх нь. Энэ бол улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх мөнгө. Жижиг эдийн засагтай улсад ийм их мөнгө хэвлүүлснээр инфляц өснө, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Сонгуулийн өмнө ард түмний нэрээр их хэмжээний мөнгө гаргаж, өөрсдөө дундаас нь халааслах гэж байна” гэв. Эдийн засагч О.Лхагвасүрэн “МАН сүүлийн нэг жилд бага хүүтэй хэд хэдэн зээлийн хөтөлбөр эхлүүллээ. Гэтэл банкны зээл дунджаар 17-22 хувийн хүүтэй байна. Үүний зөрүү нь төсөвт нэг их наяд төгрөгийн ачаалал үүсгэнэ. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн төсөв нь банкны салбарын нийт активын аравны нэгтэй тэнцэж байна. Мөн зээлийг бэлэн мөнгөөр бус, голдуу тоног төхөөрөмжид олгоно гэж буй. Үүний ард “ногоон автобусны” хэрэг шиг худалдан авахтай холбоотой асуудал үүсэх вий. Хөдөө аж ахуйгаа дэмжих ёстой, гэхдээ оновчтой төлөвлөж хөрөнгө оруулах нь чухал” гэлээ.
2012 оны гуравдугаар сард С.Батболдын Засгийн газар мөн “Хөдөөг хоршоожуулах аян” зарлаж байсан. Сонгууль бүрээр ийм хөтөлбөр гаргадаг ч бодит үр дүн нь малчдад хүрдэггүй, санал авах зорилготой хэмээн тэд ярьсан. АН-ын бүлгийн орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганбаатар “2022 оны байдлаар манай улсад 4600 гаруй хоршоо бүртгэлтэй, үүний 70 хувь нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Гэтэл заавал шинэ хоршоонд зээл олгоно гэх юм. Нэг сум-нэг хоршоо гэсэн зарчмаар ажиллахад 330 тэрбум төгрөг л хэрэгтэй. Мөн махны экспортоо дэмжиж, үнэ чөлөөлөхөд анхаарах нь зөв” гэлээ. Мөн зуднаар малынхаа 70-аас дээш хувийг алдсан хүмүүсийг малжуулах тухай АН-аас санаачилсан тогтоолыг яаралтай хэлэлцүүлж өгөхийг тэд УИХ-ын даргад хандан хүссэн юм.
Бэлтгэсэн С.Уул