Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй манай улсын экологичид дэлхий дээрх цагаан зээрийн тоо толгойг тогтоох зорилготой судалгаа хийж, энэ талаарх эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын байгаль хамгааллын “Oryx” сэтгүүлд хэвлүүлжээ. Тэд Монголд 2 140 000 орчим, Оросод 30 000 гаруй, Хятадад 500-1000 цагаан зээр бий гэж тогтоосон бөгөөд дэлхий дээрх нийт популяцын 99 хувь нь манай оронд нутагладаг гэж дүгнэсэн байна.
Уг судалгааны талаар “Oryx” сэтгүүлд “Энэ нь цагаан зээрийн популяцын тархалтын тухай анхны, ойрын хугацаанд хийсэн өргөн цар хүрээтэй тооцоолол боллоо. Цагаан зээр бол дэлхийд хамгийн олон буй, задгай туруутан амьтдын нэг гэдгийг энэ судалгаагаар батлав. Гэсэн хэдий ч цаашид байгаль хамгааллын арга хэмжээ шаардаж болзошгүй хүнээс үүдэлтэй сөрөг үйл ажиллагаануудыг илрүүлэхийн тулд илүү сайн менежмент хэрэгжүүлж, байнга хяналт, мониторинг хийх шаардлагатай” гэжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл