Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байх аж.