Сергей Бородин Сергей Бородин Александр Фомин
Москва хотын Басман дүүргийн шүүх Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын албат Антон Филатовыг хөрөнгө үрэгдүүлсэн хэргээр баривчлав. “Коммерсант” сонинд бичсэнээр Филатов нь тус яамны харьяа хэд хэдэн компани удирдаж байжээ. 2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцаж байсан Ивановыг өнгөрсөн сарын 23-нд баривчилсан байна. Түүнийг гэмт хуйвалдаан зохион байгуулж, ихээхэн хэмжээний хахууль авсан гэж үзжээ. Бүх данс, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ. Ивановын найз, хуйвалдаанд оролцсон Сергей Бородин, бизнесмен Александр Фомин гэх хүмүүсийг ч хахууль авсан хэмээн буруутган, баривчлав. Иванов өөрийн бурууг хүлээхгүй байгаа бөгөөд хэрэг нь нотлогдвол 15 хүртэл жил хоригдох ял эдлэх аж.
Тимур Ивановыг баривчилсан нь Оросын эрх мэдэлтнүүдийн дотор эмхлэн цэгцлэх ажил өрнөж буйн тодорхой илрэл гэж хэлж болно. Улс орныхоо хүн ам, дээд зиндааныхныг гаднын аюул заналхийллийн өмнө “нэгдэж нягтруулах” талаар Владимир Путин мэдэгдсэн ч нөлөө бүхий бүлгүүд нь дайны өмнөх үеэс ч илүүгээр өөр хоорондоо довтлох болсон байв. Одоо бол ганц нэг хүн, хоёрдугаар зэргийн хүмүүсийн төлөөлөл биш, бүр гол хүмүүс, өндөр албан тушаалтнууд нь эрсдэлийн бүсэд орж ирээд байгаа аж. Өмгөөлөн хамгаалагч Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нь Путиний ивээлд байгаа үед орлогч сайд Ивановыг нь баривчилсан гээд бод. Дотоод байдлаа цэгцлэхэд Төрийн тэргүүний ивээл ч саад болсонгүй. Босоо тогтолцооны доторх зөрчил нэмэгдсээр түүнийг хүчний арга хэрэгслээр шийдэх нь ихэсч байна.
Батлан хамгаалах яамны коллегийн нээлттэй хуралдааны дараа Тимур Ивановыг шууд баривчилжээ. Уг үйл явдлын талаар тэр өдрийнхөө орой мэдээлэхдээ урьдын адил тансаг тавилга, төхөөрөмж, олон сая мөнгөтэй шүүгээг нь харуулсангүй. Иванов шүүхэд ирэхдээ цэргийн дүрэмт хувцастайгаа байв. Баривчлагдсан генералуудыг шүүхдээ ихэнхдээ энгийн хувцастай байлгадаг нь зэвсэгт хүчний нэр сүрийг бодолцдогийнх юм. Энэ мэт жижиг сажиг юмыг хайхраагүй нь орлогч сайдыг баривчлах ажил яаруу давчуу болсныг илтгэнэ. Түүний дээд удирдлага болох Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дуугүй байсан нь орлогчийг нь баривчлах гэж буйгаа түүнд дуулгаагүй гэсэн үг. Путиний дэглэм оршин тогтноход чухал нөлөөтэй байж болох энэ түүхэн үйл ажлыг зохион байгуулсан мөрдөн шалгах ажиллагааг санаачлагчид шуурхай хөдлөх шаардлагатай байжээ. Эдийн засгийн сайд асан Алексей Улюкаевын хэрэг явдлаас хойш эрүүгийн хэрэгт орооцолдсон хамгийн өндөр албаны хүн нь Иванов болж байгаа юм. Тэрбээр ихээхэн хөрөнгө захиран зарцуулдаг, нөлөө, бүрэн эрхийн хувьд ч Улюкаевыг бодвол жин дарах хүн байсан гэж үзэж болно. Улюкаев конторын ганцаарчилсан этгээд байсан бол Тимур Иванов нөлөө бүхий давхаргын нэртэй төлөөлөгч байлаа. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Путиний ойрын хүрээллийн бизнесмен Геннадий Тимченко, Холбооны зөвлөлийн даргын орлогч Юрий Воробьев, түүний хүү, Москва мужийн амбан захирагч Андрей Воробьев болон олон түмэн төдийлөн сайн мэдэхгүй олон албан хаагч, бизнесменийг энэ давхаргад хамруулж болно.
Энэ давхаргын хувьд чухал нөөц нь болох Батлан хамгаалах яамны дэд бүтцийн төслүүдийг толгой мэдэн “зохицуулдаг”, өөрөөр хэлбэл, Иванов олон их наяд рубль эргэлдүүлдэг байсан гэж хэлж болно. Тиймээс түүнийг мөрдөн шалгах болсон нь Шойгу-Тимченкогийн бүлэг рүү халз довтолсон хэрэг юм. Энэ “цахилгаан дайн” наад зах нь Засгийн газар дахь халаа сэлгээнд энэ давхаргын үзүүлэх нөлөөг бууруулах, цаашид хүчирхэг нөөц-Батлан хамгаалах яамыг нь түүнээс салгах ёстой. Батлан хамгаалах яаманд хяналтаа тогтоохыг эртнээс эрмэлзэж ирсэн “Росгвард”-ын тэргүүн, Холбооны батлан хамгаалах зөвлөлийг удирдаж байсан Виктор Золотовыг хэзээнээс Шойгуд таагүй хандаж ирсэн гэж үздэг. Тэрбээр өөрийнх нь удирдлагад ажиллаж, Путиний үнэлдэг хамгаалагчийн нь нэг байсан Алексей Дюминийг тус яамны тэргүүнээр томилуулахыг нэг бус удаа санаархаж байсан юм. Нэг жил хагасын өмнө Золотовын дэмжлэгтэйгээр Шойгугийн эсрэг кампанийг “Вагнер” бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин эхлүүлсэн байдаг. Энэ кампани Харьков, Херсоны орчимд хийсэн Украины анхны сөрөг довтолгооныг амжилттай хавсран, Шойгуг огцрохоос аргагүй болгоно хэмээн тооцож, түүний суудалд мөнөөх Дюмин юм уу, армидаа ихээхэн нэр хүндтэй генерал Сергей Суровикинийг суулгахаар “Росгвард”-ын бүлэг бэлтгэчихсэн байв. Байдал төвөгтэй байсан ч Шойгу дайралтыг няцааж, Пригожин бослого тэмцэл хийх гэж бүтэлгүй оролдоод таашгүй нөхцөл байдалд амиа алдаж, Суровикин нь огцорсон.
Тимур Ивановын эсрэг энэ үйл ажиллагаа Шойгугийн бүлгийнхний түрэмгий эзэрхэг байдлыг зогсоох ёстой. Батлан хамгаалахын сайд одоо дэд бүтэц хариуцсан суудалд хүний хүнийг суулгахгүй, суудлыг өөрийн хүнд хадгалах шаардлагатай болно. Цаашилбал ийм ойрын хүнийг нь баривчилсан нь сайдыг өөрийг нь огцруулахад (сүүлийн үеийн мэдээгээр түүнийг нэгэнт огцруулсан байна) хүргэж болзошгүй. Иванов 2016 оноос орлогч сайдаар ажилласан, Шойгугийн хамтран зүтгэгч гэгддэг хүн. Шойгу түүнийг 2013 онд Батлан хамгаалах яаманд авчирчээ. Өмнө нь тэрбээр Москва орчмын захиргаанд ажиллаж байж. Яаманд ирээд цэргийн бүтээгдэхүүн худалдаж авах, барилга байгууламж, Батлан хамгаалах яамны, түүний дотор Украины эзлэгдсэн газар нутаг дээрх объектуудын засварыг хариуцдаг байв. Орлогч сайд, түүний гэргий асан Светланагийн хөрөнгө, санхүүгийн талаар өгүүлсэн материалыг Алексей Навальныгийн хамтран зүтгэгчид 2022 оны арваннэгдүгээр сард хэвлэлд нийтлүүлж байжээ. Тимур Иванов гэр бүлийн хамт Францад далайн эрэг дээр зуны амралтаа өнгөрөөж, тансаг үдэшлэгүүд зохион байгуулж байсан тухай түүнд өгүүлсэн байв. 2022 оноос Иванов АНУ болон Европын Холбооны хоригт орсон ч гэргийд нь энэ хамааралгүй тул тэр эмэгтэй дайн эхэлснээс хойш ч Европ руу явчихдаг байсан гэж Навальныгийн нөхөд бичсэн байлаа. Үүнээс хагас жилийн дараа Батлан хамгаалахын сайдын зөвлөх Мария Китаева гэгч хатагтайтай Иванов суусан байна. Энэ эмэгтэй ч Украин дахь дайн эхэлчхээд байхад Европоор аялж явжээ. Ивановыг авлигын хэрэгт орооцолдсоноос гадна эх орноосоо урвасан гэж сэжиглэж буй аж. Өмгөөлөгчид нь, тухайлбал Мурад Мусаев үүнийг үгүйсгэсэн байна. Шойгугийн хамгийн ойрын хамтран ажиллагчдын нэгийг баривчилсан нь Засгийн газарт халаа сэлгээ хийхийн босгон дээр Батлан хамгаалахын сайдын байр суурийг сулруулах нь гарцаагүй бөгөөд дайны үед яамныхаа ажлыг сайжруулах нь чухал болсныг Шойгуд сануулж буй эцсийн анхааруулга боллоо гэж “Bloomberg” агентлагийн сурвалжлагчтай ярилцагчдын нэг нь тэмдэглэжээ.
хахууль нэг сая рублиэс доошгүй, ийм хэрэгт 15 хүртэл жилээр хорих ял өгдөг хуультай. Хам хэрэгтэн гэж үзэж баривчилсан бизнесмен Сергей Бородин орлогч сайдтай ойр дотно холбоотой аж. Ивановт хахууль өгсөн “Олимпсити страй”-гийн хамтран эзэмшигч Александр Фомин бас баривчлагдсан. Түүний фирмийн цэвэр ашиг 2022 онд хоёр дахин нэмэгдсэн аж.
Өмгөөлөгчийн үгээр бол Ивановт мөнгө өгсөн гэх баримт нотолгоо олдохгүй байгаа юм байна. Харин орлогч сайдын хувийн объектод нь барилгын засварын ажлыг үнэ хөлсгүй хийж өгсөн нэг баримт бий гэнэ. Батлан хамгаалахын орлогч сайдыг баривчилсан тухай Владимир Путинд мэдэгдсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна. Ивановыг улсаасаа урвасан гэх мэдээллийн тухайд Песков албан ёсны мэдээлэлд түшиглэхийг уриалсан байна.
Тимур Иванов 1975 онд Москвад төржээ. 1997 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль төгсөж, 2004 онд Маркетинг, менежментийн олон улсын академи дүүргэсэн байна. Эдийн засгийн ухааны доктор цолтой. 1999-2012 онд түлш-эрчим хүчний цогцолборт, тодруулбал, 2006-2010 онд дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна. 2009-2012 онд Эрчим хүчний яамны нэгэн агентлагийн ерөнхий захирал байв. 2012 онд Шойгуг Москва мужийн амбан захирагч байхад орлогчоор нь томилогджээ. Цэргийн алба хаагчдын орон сууц барьдаг “Оборон-строй” компанийг удирдаж байгаад 2016 оны тавдугаар сард Батлан хамгаалахын орлогч сайдаар томилогдов.
Иванов 1983 онд Бельгид төрсөн, гэргий Светлана Захоровагаас нь 10 насаар дүү сэтгүүлч Мария Китаева гэгч бүсгүйтэй дотно холбоотой байсан бололтой. Түүнийг Ивановтой хамт амьдардаг гэх дүгнэлтийг фото болон Китаевагийн шуудан харилцаан дээр тулгуурлан Алексей Навальныгийн баг 2023 оны зун хийсэн байна. Китаевагийн хуруунд байгаа хуримын бөгжөөр баримжаалбал тэд гэрлэсэн ч байж болзошгүй. Хамт авахуулсан зургаас нь үзвэл тэдний харилцаа ажил хэргийн хэмжээ хязгаараас давсан гэхээр. Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа 2012 онд Китаева мэдээллийн технологийн ажил хариуцсан зөвлөх нь болжээ. 2014 онд Путин түүнд ОХУ-ын гуравдугаар ангиллын төрийн зөвлөхийн зэрэг олгосон байна. Энэ нь хошууч генерал цолтой дүйх аж. Энэ үед Китаева ердөө 30 настай байв. Хэвлэлд мэдээлснээр 2014, 2016, 2018 онд хүүхэд төрүүлжээ. Тэдний эцэг нь Батлан хамгаалахын орлогч сайд Юрий Садовенко байх магадлалтай гэж сэтгүүлчид үздэг юм байна. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээнд Садовенког эцэг нь гэж бичсэн байдаг аж. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр Китаева аялж жуулчлах, тансаг тухлаг амрах дуртай, нэгэн зураг дээр гартаа 40 мянган ам.долларын үнэтэй цаг зүүсэн байж. Түүнд бас 30 мянган ам.долларын “Rolex” бий аж. Зургуудаас нь анзаарахад Китаева Италийн Куршевелед амарч байжээ. Тэрбээр хэдэн жил дараалан Италийн Форте-дей-Мамид амарч байв. Энд нэг сар болоход 32 мянган евро төлдөг юм. Дубайд хүүхдүүдтэйгээ таван одтой зочид буудалд ч тухалж байжээ. Түүний ах Денис Китаев гэх бэлтэй хүн байдаг, тэр нь дээд зиндааныханд зориулсан сууц барьдаг компанитай. Ээж Нина Китаева нь Москвад барилгын ажил эрхэлдэг Владимир Ресиний орлогчоор ажиллаж байжээ. Эднийхний үл хөдлөх хөрөнгө хоёр тэрбум рублиэр үнэлэгднэ. Тимур Иванов хоёр тэрбум рублийн үнэтэй тансаг харштай, Тверь мужид үл хөдлөх хөрөнгөтэй гэж урьд нь “Topnews”-д мэдээлж байсан аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант