Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэдэг уламжлалтай Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 11-нд тохиолоо. Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн 2021 оноос хавар, намрын мод тарих өдрүүдийг урьдынхаас өргөн хүрээг хамруулан, 7-14 хоногт зохион байгуулах болсон юм. Тэгвэл энэ онд ойн салбарын 100 жил тохиож буйтай холбогдуулан тавдугаар сарын 11-31 хүртэлх хугацаанд бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг өрнүүлэхээр шийдсэн билээ. Энэ хугацаанд нийслэлийн найм, орон нутгийн 25 төвлөрсөн байршилд дөрвөн сая мод, сөөг тарихаар төлөвлөжээ. Мөн аймаг бүр 10 хүртэлх тооны гол, горхи сонгож, нэгийнх нь ойр орчмын 10 га газрыг хоёр жилийн хугацаанд ойжуулах зорилт тавьсан байна. Тэрбум мод тарих зорилгод хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өнгөрсөн бямба гарагт Монгол орны өнцөг булан бүрд “ногоон суварга” босгов.
НИЙСЛЭЛЧҮҮД “НӨХӨРЛӨЛИЙН ОЙ”-Д ЦУГЛАВ
Нийслэлчүүд энэ өдөр Улаанбаатар хотын найман байршилд мод тарилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газар, МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагааг нээж, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулсан өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр тарьц, суулгацын болон ойн түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, танин мэдэхүйн сургалт, хөгжөөнт тэмцээн, уралдаан, ойн мэргэжил сурталчлах үйл ажиллагааг явуулсан юм. 2024 оны хаврын мод тарих өдрүүдээр “Нөхөрлөлийн ой”-д зургаан төрлийн 3000 гаруй навчит болон шилмүүст мод тарихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийнхийг нь эл өдөр үндэслүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож, 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарив. Тэрбээр “Манай орны нийт газар нутгийн найман хувийг ой эзэлж буй. Үүнийг 50 хувьд хүргэж чадвал ая тухтай амьдрах экосистем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга” гээд айл өрх, байгууллага бүр өөрийн эзэмшлийн хашаа, нийтийн зам, талбайд мод тарьж, ургуулахыг уриалсан юм. Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд 42 сая мод тарьжээ.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОЛНЫ ХӨЛД ДАРАГДЛАА
Улаанбаатарчуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар мод тариулахаар сонгосон найман газрын нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уламжлал ёсоор энэ өдөр мөн олны хөлд дарагдлаа. Нийслэлчүүдийг хүчилтөрөгчөөр тэтгэгч томоохон ганц гэж хэлж болохуйц цэцэрлэгт хүрээлэнд бямба гарагт 100 гаруй иргэн, 75 байгууллагын алба хаагчид 2600 гаруй мод, бут тарив.
Тус цэцэрлэгт хүрээлэнд одоогоор 31 төрөл, зүйлийн 170 мянга гаруй мод 96.5 хувьтай ургаж буй гэнэ. 2024 оны хавар, намар 12 төрөл, зүйлийн 20 мянган модыг цэцэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар төлөвлөж, бэлтгэж байгааг ажилтнууд нь хэллээ.
ТАРЬЦ, СУУЛГАЦ ҮРЖҮҮЛЭХ ХҮЛЭМЖТЭЙ БОЛЖЭЭ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гачуурт дахь мод үржүүлгийн газартаа гурван улирлын, 2000 ам метр бүхий поликарбонат (хуванцар, шилийг орлохуйц удаан эдэлгээтэй, чанартай материал) хүлэмжийг өнгөрсөн онд байгуулжээ. Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд ашиглах нэг болон олон наст цэцэг, чимэглэлийн модны тарьц, суулгац үржүүлэх ажлыг тус хүлэмжид үе шаттайгаар туршиж, шаардлагатай нөөцөөр хангахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэгвэл уг газарт гурван төрлийн 530 гаруй мод тарьсан албан хаагчид, нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн сурагчдыг поликарбонат хүлэмжтэй танилцуулжээ.
Энэ жилийн хавар нийслэлд 160 мянган мод тарихаар төлөвлөсөн бөгөөд Улаанбаатарын хэмжээнд үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр 134 байгууллага бүртгэлтэй, тэдгээр нь 2.9 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлээд буйг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван мэдээлэв. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд өдгөө Ойн газрын харьяа Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Нисэхийн тойрогт байрлах Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн, Барилгачдын болон “Тэнгэр плаза” худалдааны төвийн гаднах талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн зохион байгуулж буй гэнэ.