Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочилов. Гэрийн эзэн Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Улмаар 2008 оноос 0.007 га талбай хашаандаа хайлаас, хуш, хус, шинэс, нарс, монос, бүйлс, үхрийн нүд, чацаргана, давжаа алим, долоогоно, тэрэлж зэрэг 32 төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Тэд жилдээ 200 кг чацаргана, 20 кг алим хураан авч, хэрэгцээнээс илүү гарснаа бусдад худалдан борлуулдаг аж.
Хашаандаа сайхан амьдарч чадах эсэх нь хувь хүн, гэр бүлийн сэтгэл, хичээл зүтгэлээс л шалтгаална. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тарьц, суулгац, үр худалдаж авах хүний тоо эрс нэмэгдсэн. Тарьсан модоо яаж арчилж, тордох талаар зөвлөгөө өгдөг тухай гэрийн эзэд ярилаа.
Мод тарьж, ургуулан хашаандаа байгаль бүтээж болдог, энэ хэрээр эрүүл, ногоон орчинд амьдрах, нэмэлт орлого олж, ахуй амьдралаа ч дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулж, үлгэр дуурайл болж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.