Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. Тус төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдэв.
“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ны Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг аж. Нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины гурван орцтой, 8.5 км урт гурван салаа төмөр замтай, нийт 4,500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай юм байна.
Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт таван гарцаар экспорт хийгдэх аж.