“Ээлтэй хот: Хүрээлэн буй орчны чанарыг сайжруулъя” уриан дор “Экологийн XX олимпиад” 2024 оны тавдугаар сарын 11-нд буюу өнөөдөр МУИС-ийн Номын сангийн байранд болж байна. МУИС-ийн профессор, доктор Ч.Гончигсумлаа агсны анхлан санаачилсан “Экологийн олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Олимпиадын зорилго нь байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын экологийн ерөнхий мэдлэгийг сорих, экологийн боловсролыг бүх нийтэд сурталчлах, экологи, байгаль орчны салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулахад оршино. МУИС, БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ, Оюутны “Экологи” клуб хамтран зохион байгуулж байна.