Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодод нислэг үйлддэг 50 гаруй агаарын хөлөг буйгаас 30-аад нь ерөнхий зориулалтынх буюу бага оврын онгоц гэнэ. Үүний тав нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дэргэдэх “Mongolian airways cargo” компанид харьяалагддаг бол бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх аж. Ерөнхий зориулалтын буюу хуваарьт бус, захиалгат нислэгийг өдгөө манай улсад “Скай жет”, “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Мөнх трэйвэл”, “Хүннү эйр”, “Опен скай” зэрэг компани тогтмол үйлдэж байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хэллээ.
Ерөнхий зориулалтын нислэгийг аялал жуулчлал, ачаа тээвэр, яаралтай түргэн тусламж, уул уурхайн үйл ажиллагаанд түгээмэл ашигладаг байна. Харин манай улсын агаарын тээврийн компаниуд урин дулааны цагт, аялал жуулчлалын зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Зарим нь аялал жуулчлалын бүс нутаг, аймгийн төв, жуулчны бааз, амралтын газрууд руу зорчигч тээвэрлэх, өөрсдийн санаачилсан хөтөлбөрийг үйлчлүүлэгчдэд санал болгодог бол нөгөө хэсэг нь зөвхөн жуулчдын “тааллаар” хувийн аяллын, албан ажлын нислэг үйлддэг гэнэ. Жишээлбэл, “Мөнх трэйвэл” компани Бурхан халдун, Ононгийн халуун рашаан, Хагийн хар нуур, Тэнгис, Шишгэд голын бэлчир, Хонин нуга зэрэг Монгол орны үзэсгэлэнт газрууд руу жуулчдыг бүлгээр нь аялуулдаг байна. Харин “Геосан”-гийнхан “Цессна караван 208Б” загварын хөлгөөр захиалгат нислэг, түргэн тусламж, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсээр иржээ.
Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын аялал жуулчлал эрчимжиж буйтай холбоотойгоор захиалгат нислэгийн эрэлт ихэссэнийг дээрх компаниудын ажилтнууд хэллээ. Энэ жилийн зургаа, долоодугаар сард захиалгагүй өдөр цөөн үлдсэнийг ч зарим нь хэлэв. 2024 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж, горилогчид богино хугацаанд олон газарт очих шаардлага үүсэн нь ч нисдэг тэрэгний эрэлтэд нөлөөлж байгаа гэх. Зарим нь агаарын хөлөгт “аялал”-аа хэдийн эхлүүлж, хөдөө нутгийг хөндлөн гулд туулж буй сураг дуулдав.
Бага оврын онгоц нэг цаг түрээслэх дундаж ханш нь 1650-1800 ам.доллар байна. Тав тух, суудлын багтаамж зэргээс хамаараад 3000-3500 ам.долларын үнэтэй нь ч бий аж.
Ташрамд дурдахад, манай улс 2018 онд ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр баталж, энэ чиглэлийн үйл ажиллагаанд мөрдөх багц дүрэм болон агаарын зайгаа шинэчлэн тогтоожээ. Үүгээр хяналттай буюу нисэх буудал, хот суурин газар, цэргийн байгууламж бүхий объекттой бүсээс бусад агаарын орон зайг чөлөөлж, 6150 метр өндөр хүртэлх хэсгийг хяналтгүй болгожээ. Тодруулбал, ийм өндөр хүртэлх агаарын орон зайд нислэг үйлдэх тохиолдолд ИНЕГ-аас зөвшөөрөл авахгүй байх нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Тэгэхээр агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэх бүрдээ зөвшөөрөл авдаггүй байх нь. Хачирхалтай нь, ийм хөтөлбөр баталснаас дөрвөн жил гаруйн дараа ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэх албыг татан буулгаж, чиг үүргийг нь өөр нэгжид хариуцуулжээ.