Улсын хэмжээнд он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 28 сумд 56 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт нийт 504 913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 бог мал өртсөн байна. Хамгийн сүүлд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант сумд гарсан түймрийг бүрэн унтраагаад буйг онцгой байдлын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баясгалант багийн нутагт энэ сарын 6-нд ойн түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид сумын холбогдох албаныхан, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийг уржигдар бүрэн унтраасан аж. Галд долоо га орчим талбай өртсөнийг урьдчилсан байдлаар тогтоогоод буй гэнэ.
Мөн Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн нутагт энэ сарын 7-нд ойн түймэр дэгджээ. Тус аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, энэ сарын 8-ны 23.10 цагт бүрэн унтраасан бөгөөд 15 га орчим талбай шатсан байна.
Эдгээрээс гадна Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутаг, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хоёр цэгт түймэр гарсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн цахим системээр илрүүлсэн аж. Хоорондоо найм км орчмын зайтай хоёр хэсэгт гал гарсан гэнэ. Орон нутгийн холбогдох албаныхан галыг унтраахаар газар дээр нь ажиллаж байсны зэрэгцээ түймрийн голомтод өчигдөр усархаг бороо орж эхэлсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас өглөө.