Эрчим хүчний сайдын 2023 оны А/51 дүгээр тушаалаар баталсан “Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах” ажлын хэсгийн нэгдсэн хурал өнөөдөр боллоо. Хуралд Эрчим хүчний хэмнэлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Эрчим хүчний оргил ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний ачааллыг диспетчерийн зохицуулалтаар бууруулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, Эрчим хүчний зөв зохистой хэрэглээг сурталчилж, хэрэглээг бууруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт 87 хувийн ирцтэй оролцов.
Нэгдсэн ажлын хэсгийн хурлыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх удирдан явууллаа. Тус хурлаар Эрчим хүчний оргил ачааллын үеийн хэрэглээг диспетчерийн зохицуулалтаар бууруулах ажлын төлөвлөгөөний биелэлт, цаашид авах арга хэмжээний талаар “ДҮТ” ТӨХК-ийн ерөнхий диспетчер Б.Баатар танилцуулсан юм. Эрчим хүчний зөв зохистой хэрэглээг сурталчлах замаар эрчим хүчний хэрэглээг бууруулах ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч, хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэ танилцуулав.