Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх Бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас худалдааны гарцыг тэлэх, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явцыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Эдгээр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөх, бууруулах барааны нэр төрөл, худалдааны үйл ажиллагаанд тулгарч буй аливаа саад бэрхшээл, шийдвэрлэх асуудлын талаар нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт хүнс, хөнгөн үйлдвэрлэл, ноос, ноолуур, уул уурхайн болон бусад салбарын нийт 100 гаруй төлөөлөл оролцож, гаалийн татвараас бууруулах барааны жагсаалтад оруулах бараа бүтээгдэхүүний санал, мөн барааны гарал үүслийн дүрмийн тооцоолол, эрүүл ахуй, хорио цээрийн асуудал, тээвэр логистик болон бусад гадаад худалдаа хийхэд гарч байсан, сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцлоо.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улсаас экспортолж буй барааг гаалийн саадгүй, татваргүй эсвэл хамгийн бага татвар төлөх замаар ашигтай борлуулах, импортын бүтээгдэхүүн үнэ хямд, чанартай байх нөхцөлийг бүрдүүлэх аж. Хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх боломжийг бий болгох юм.