Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллаж буй. Тэд өчигдөр Цогтцэций сумд байрлах “Тавантолгой” ХК-ийн мод тарьж, үржүүлэх ажлын явцтай танилцсан байна. Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин зургаа, аймагтаа 1.5, нийт 7.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн аж. Улмаар МУИС, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумд хээрийн судалгаа хийжээ. Мөн 2022-2023 онд Даланзадгад сумд зургаан га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, өнөөдрийн байдлаар 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна. Түүнчлэн Номгон сумд “Мод үржүүлэг, сургалт, судалгаа, инновац” төв байгуулахаар 20 га талбайд бэлтгэл ажлыг гүйцэтгэжээ. Тэнд говийн бүсийн ургамлуудыг бортогонд үржүүлж тарих аж. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тус компанийнхан нийт 12 мянган мод тариад буй юм. Тэдний тарих нийт модны 50 гаруй хувь нь говийн бүсийн ойн санг бүрдүүлж буй заг байх бөгөөд Номгон, Булган сумын нутагт хэрэгжүүлэх нь. Түүнчлэн энэ онд Булган сумд 100 га талбайд ойжуулалт, Номгонд 100 га талбайд навчит модоор хамгаалалтын, Цогтцэцийд 40 га талбайд навчит модоор ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн юм байна.